Паул ба хуурамч элч нар
11 1 Өчүүхэн мунхаглалыг минь та нар тэвчээрэй. Намайг та нар тэвчдэг шүү дээ. 2 Бурханы хардалтаар би та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртэй сүй тавиулсан. 3 Могой, залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ доторх [цэвэр] эгэл байдлаас чинь та нарын санаа бодлыг төөрүүлчих вий гэхээс би харин айж байна.* 4 Учир нь хэн нэг нь очоод, бидний тунхагласнаас өөр Есүсийг тунхаглахыг, эсвэл хүлээн авсан хэн нэгнээсээ та нар өөр сүнсийг хүлээн авахыг, эсвэл хүлээн авсан хэн нэгнийхээ өөр сайнмэдээг зөвшөөрөхийг ч та нар амархан хүлцдэг ажээ. 5 Гэвч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй гэж би бодож байна. 6 Хэдийгээр би үг ярианд дадаагүй ч, мэдлэгээрээ тийм биш ээ. Үүнийг бид бүх юмаар, тал бүрээр та нарт илчилсэн.
7 Та нарыг өргөмжлөхийн тулд өөрийгөө дорд болгож, Бурханы сайнмэдээг та нарт үнэгүй тунхагласнаараа би нүгэл үйлдсэн хэрэг үү? 8 Та нарт үйлчлэхийн тулд би бусад чуулгануудыг цөлмөж, хөлс авч байсан. 9 Би та нартай байхдаа юмаар дутаж байсан ч хэнд ч яршиг болоогүй. Македоноос ирсэн ах дүүс хэрэгцээг минь хангаж байсан. Алив зүйлээр та нарт дараа болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно.* 10 Христийн үнэн дотор минь байхад Ахайн нутгуудад ч сайрхал минь намжихгүй. 11 Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Бурхан мэднэ.
12 Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Энэ нь сайрхаж, түүгээрээ бидэнтэй адил харагдах гэсэн боломжийг хайгч тэдгээр хүмүүст тэр боломжийг нь олгохгүйн тулд юм. 13 Учир нь тэд хуурамч элч нар, зальтай ажилчид, Христийн элч нар болж хувирагсад. 14 Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг. 15 Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид бас өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.
Элч Паулын зовлон
16 Би дахин хэлье. Хэн ч намайг мунхаг гэж бүү бод. Хэрэв тэгж бодлоо гэхэд намайг мунхаг мэтээр хүлээн ав. Учир нь би жаахан сайрхмаар байна. 17 Миний ярьж байгаа нь Эзэний эрх мэдлээр бус, харин сайрхлын мунхаглалаар юм. 18 Олноороо махбодын дагуу сайрхдаг тул би ч бас сайрхана. 19 Учир нь та нар ухаалаг атлаа мунхгуудыг дуртайяа хүлцэн тэвчдэг. 20 Хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж, өөрийгөө өргөмжилж, бүр нүүрэн дундуур чинь дэлсээд авсан ч та нар хүлцэн тэвчдэг. 21 Энэ тал дээр бид мөхөс байсан гэдгээ би ичин байж хэлж байна. Харин хэн ч зориглодог юманд, би мунхаглан хэлье, би ч зориглоно. 22 Тэд еврейчүүд үү? Би ч бас. Тэд израилчууд уу? Би ч бас. Тэд Абрахамын үр удам уу? Би ч бас. 23 Тэд Христийн үйлчлэгчид үү? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Зүдрэл зүтгэлээрээ ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд байлаа.* 24 Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан.* 25 Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над руу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа.* 26 Ахин дахин аялахдаа, гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дахь аюул, цөл дэх аюул, тэнгис дэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул,* 27 зүдрэл зүтгэл, дараа дарамт, байнгын дутуу нойр, өлдөх, цангах, хүнсээр хомсдох, ноорол нүцгэрэл, даарал хөрөл дунд байлаа. 28 Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтад байна. 29 Мөхөсдөөд байгаа хэний төлөө би мөхөсдөөгүй гэж? Бүдрээд байгаа хэний төлөө би шатаагүй гэж?
30 Сайрхах ёстой бол би мөхөсдлөөрөө сайрхана. 31 Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг, худал яриагүйг минь мэднэ. 32 Дамаскт Арет хааны захирагч намайг баривчлах гэж дамаскчуудын хотыг цагдаж байсан.* 33 Би хунзанa дотор, цонхоор хэрэм дагуу буулгуулж түүний гараас мултарсан юм.
- 11:3 Эх 3:1–5,13
- 11:9 Флп 4:15–18
- 11:23 Үйл 16:23
- 11:24 Дх 25:3
- 11:25 Үйл 16:22, 14:19
- 11:26 Үйл 9:23, 14:5
- 11:32–33 Үйл 9:23–25
- a11:33 Юм агуулах томхон араг.