Хайрын шүлгээс бүрдсэн энэ номын ихэнх хэсэг нь залуугаас бүсгүйдээ, бүсгүйгээс залуудаа хандсан хэлбэртэй бичигджээ. Еврей бичвэрийг Соломон хаантай холбож үздэг учраас Соломоны дуун хэмээн нэрлэсэн юм.
Энэ номыг еврейчүүд, Бурхан ба Түүний ард түмний хоорондын харилцааг дүрсэлсэн гэж үздэг бол Христэд итгэгчдийн зүгээс чуулган ба Христийн хоорондын харилцааг дүрсэлсэн гэж үздэг.
1 1 Соломоны хэмээх дуу дууны дуун.
Сүйт бүсгүй ба нөхдийн дуун
2 Уруулаараа шимэнхэн намайгаа тэр үнсэг!
Учир нь хайр чинь дарснаас ч таатай
3 Тос чинь анхи сэнхийн үнэртэй
Нэр чинь цутгасан тос адил тул
Эмс охид чамд дурлана
4 Араасаа намайг дагуулаач
Алив бушуухан гүйцгээе
Хаантан намайг лавриндаа аваачаасай!
Таныгаа бид бахданхан, баясаж
Дарснаас ч илүүтэйеэ хайрыг тань дээдэлнэ
Танд тэд дурладаг нь зөв байнам.
5 Кедарын майхан, Соломоны хөшиг мэт
Хар ч гэлээ би үзэсгэлэнтэй
Йерусалимын охид оо!
6 Бор зүснээс минь болж өөчилж ширтэх юун!
Нар л намайг өөлж ширтчихсэн юм.
Уурлаж хилэгнээд эхийн минь хөвгүүд
Усан үзмийн талбайн арчлагч болгочихсон юм,
Өөрийнхөө талбайг би арчлалгүй ийм болгочихсон юм
7 Амин голын хайрт чи минь
Альхан газар сүргээ хариулж
Амруулж үд дээр хэвтүүлэхээ хэлээч
Нөхдийн чинь сүргийн дэргэд би
Нүүрэндээ гивлүүртэй эм адил байх хэрэг үү?
8 Бүсгүйчүүл дундаас бүр ч сайхан чи
Магад мэдэхгүй аваас
Малын чийрийг даган ирж
Малчдын майхны ойролцоо
Ишигнүүдээ ээрч тогтоо.
Сүйт залуу, нөхөд ба сүйт бүсгүй
9 Фараоны тэрэгнүүд дундах гүүтэй
Амрагаа би харьцуулнам билээ.
10 Унжлага зүүлтэт хацар чинь гоо
Уран сондорт хүзүү чинь жавхаалаг.
11 Цацаг мөнгөт алтан зүүлтийг
Чамдаа бид урлах болно.
12 Хаантан сууриндаа залрахуйд
Задийн үнэр надаас анхилна.
13 Хөхний минь дундах миррт ууттай
Хайрт хонгор минь адил байнам.
14 Энхрий хайрт минь наддаа
Енгедигийн усан үзмийн талбайн
Суман цэцгийн хонгорцог буюу.
15 Аяа амраг минь чи юутай үзэсгэлэнтэй
Ай даа чи мөн ч үзэсгэлэнтэй
Аньсага нүд чинь тагтааных гэлтэй.
16 Аяа хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй
Арга нь үгүй дур булаам
Зөөлөн буйдан маань зүлэг ногоон
17 Өргөө дээвэр маань хуш модон
Адар тааз нь агар модон.