Петр Йерусалимын чуулганд тайлагнав
11 1 Бурханы үгийг харийнхан ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов. 2 Петрийг Йерусалимд ирэхэд, хозлуулагсад түүнтэй мэтгэлцэж
— 3 Чи хозлуулаагүй эрчүүд дээр очиж, тэдэнтэй хамт хооллов гэжээ. 4 Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав.
— 5 Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над дээр буун ирэх үзэгдлийг харсан. 6 Сайтар ажиглан хартал тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа. 7 Мөн би “Петр ээ, бос. Нядлаад ид” гэх дууг сонсов. 8 Харин би “Эзэн минь, яасан ч үгүй. Бузар хийгээд цэвэр бус зүйл миний аманд хэзээ ч орж байсангүй” гэхэд 9 тэнгэрээс гарах дуу хоёр дахиа “Бурханы цэвэр болгосныг бузар гэж бүү үз” гэв. 10 Энэ нь гурав дахин давтагдаад бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн. 11 Гэтэл тэр үед байсан айлын миньa үүдэнд гурван хүн ирсэн нь Кайсариас над руу илгээгдсэн хүмүүс байлаа. 12 Сүнс надад эргэлзэлгүй тэдэнтэй яв гэсэн. Надтай хамт энэ зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очлоо. 13 Тэдний гэрт тэнгэрэлч зогсоод “Иоппа руу хүн илгээн Симон буюу Петрийг авчруул. 14 Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина” гэхийг тэрээр хэрхэн харснаа бидэнд ярив. 15 Намайг ярьж эхлэхэд Ариун Сүнс анх бидэн дээр буусан шиг тэдэн дээр бас буулаа. 16 Тэгэхэд би “Иохан усаар баптисм хүртээсэн бол харин та нар Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэсэн Эзэний үгийг санасан юм.* 17 Эзэн Есүс Христэд итгэх үед маань бидэнд өгсөнтэй адил бэлгийг Бурхан тэдэнд өгсөн бол Бурханд саад болох би гэгч хэн билээ? гэв. 18 Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан
—Амь өгөх гэмшлийг Бурхан бас харийнханд соёрхжээ гэцгээв.
Антиох дахь чуулган
19 Стефаны улмаас өрнөсөн хавчлагаас болж тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр мөн Антиох хүртэл явсан ажээ.* 20 Харин тэдний зарим нь буюу Кипb болон Курений хүмүүс Антиохт ирээд грекчүүдтэйс ч бас ярьж, Эзэн Есүсийн сайнмэдээг тунхаглаж байв. 21 Эзэний мутар тэдэнтэй хамт байсан ба үй олон хүн итгэж, Эзэн өөд эргэж байлаа. 22 Үүний тухай яриа Йерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох хүртэл явуулахаар илгээв. 23 Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч үлдэхийг тэдэнд ятгажээ. 24 Барнаб бол сайн хүн бөгөөд Ариун Сүнс ба итгэлээр дүүрэн нэгэн байв. Ингээд олон хүн Эзэнд нэмэгдэв. 25 Тэгээд Саулыг олохоор тэрээр Тарс руу явжээ. 26 Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христийнхэн гэж нэрлэх болов.
27 Энэ өдрүүдэд Йерусалимаас Антиохт хэдэн эш үзүүлэгчид иржээ. 28 Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан
—Бүх дэлхийг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ.* 29 Тэгээд Иудейд суух ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв. 30 Түүнийгээ Барнаб, Саул хоёрын гараар ахлагчдад илгээжээ.
- a11:11 Зарим гар бичмэлд: бидний байсан
- 11:16 Үйл 1:5
- 11:19 Үйл 8:1–4
- b11:20 Зарим гар бичмэлд: грек хэлт хүмүүс эсвэл грек хэлт иудейчүүд
- 11:28 Үйл 21:10