Долоон хүнийг үйлчлэлд сонгов

6 1 Шавь нарын тоо олширсон өдрүүдэд грек хэлтэй иудейчүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлтдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гаргав. 2 Тэгэхэд арван хоёр элч бүх дагалдагчдыг дуудаж
—Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгийг орхигдуулах нь бидэнд зөв зүйл биш юм. 3 Тиймээс ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул. 4 Харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв. 5 Энэ саналыг хамаг олон дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ. 6 Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгааж, гараа тэдэн дээр тавив.
7 Бурханы үг түгэн тархсаар Йерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноорооa энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа.

Стефаныг баривчилсан нь

8 Нигүүлсэл болон хүчээр дүүргэгдсэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дунд үйлдсээр байлаа. 9 Гэтэл “эрх чөлөөтнүүд”b гэж нэрлэгддэг синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александричууд, Килик ба Азиас ирсэн зарим хүнтэй нийлж Стефантай маргалдав. 10 Гэвч тэд Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсан түүнийг сөрж чадсангүй. 11 Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж хэлүүлэхээр хэдэн эрийг нууцаар турхирчээ. 12 Тэд ард олон, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг Зөвлөлийн өмнө хүчээр авчрав. 13 Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд
—Энэ хүн [энэ] ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа ер зогсоохгүй байсан. 14 “Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулсан ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ. 15 Зөвлөлд суугч бүхний харц Стефан дээр тогтоход түүний царай тэнгэрэлчийн царай мэт харагджээ.


  •  a6:7 эсвэл бүлэг бүлгээрээ
  •  b6:9 эрх чөлөөтнүүд: Боол байсан боловч эрх чөлөөгөө худалдаж авсан эсвэл чөлөөлөгдсөн еврейчүүд.