Паул, Силас нартай Тимот нийлэв

16 1 Тэр мөн Дерб болон Лустрт ирэв. Үзэгтүн, тэнд нэгэн итгэгч иудей эмэгтэйн хүү Тимот гэгч дагалдагч байсан бөгөөд эцэг нь грек аж. 2 Лустр болон Икониумын ах дүүс түүнд ам сайтай байв. 3 Паул түүнтэй хамт аялахыг хүслээ. Гэхдээ Тимотын эцэг нь грек гэдгийг нутгийн иудейчүүд андахгүй тул түүнийг хозлоод хамтдаа явжээ. 4 Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө Йерусалимд буй элч нар болон ахлагчдын гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулав. 5 Чуулганууд итгэлээр бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв.

Македон эрийн тухай үзэгдэл

6 Азид үг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын нутгаар дайран өнгөрч, 7 Мусиад ирээд Битун явахаар завдан байтал Есүсийн Сүнс зөвшөөрсөнгүй. 8 Тэд Мусиаг өнгөрөөдa Тройд ирэв. 9 Шөнө нь Паулд нэгэн македон хүн үзэгдлээр гарч ирээд “Македонд ирж бидэнд туслаач” гэж гуйсан ажээ. 10 Үзэгдэл үзмэгцээ Бурхан тэдэнд сайнмэдээг тунхагла гэж дуудлаа гэж бид дүгнэлээ. Тэр даруй бид Македон явахаар болов.

Лудиа итгэсэн нь

11 Тэгээд бид Тройгоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд, маргааш нь Неапольд хүрч, 12 тэндээсээ Ромын хараат бөгөөд Македоны дүүргийн тэргүүлэх хот болох Филиппойд очив.b Бид тэр хотод хэд хоног байлаа. 13 Амралтын өдөр бид хотын гулдан хаалганы гаднах гол дээр очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд сууцгааж, цугласан эмэгтэйчүүдтэй ярилцлаа. 14 Туатейр хотоос ирсэн, нил ягаан бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулжээ. 15 Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа
—Та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол манайд очооч гэж ятгаснаар биднийг дийлэв.

Паул Силас нар шоронд

16 Биднийг залбирлын газар луу явж байхад мэргэ төлгөчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг авчирдаг ажээ. 17 Тэрээр Паул биднийг дагаж
—Энэ хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа. 18 Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байв. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж, сүнсэнд
—Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр дороо зайлжээ. 19 Харин түүний эзэд орлого олох найдвар нь өнгөрснийг хараад, Паул, Силас нарыг барьж, гудамж зээл дээр, эрх баригчдын өмнө чирч авчран 20 тэргүүн захирагчдад аваачиж
—Энэ иудей хүмүүс манай хотыг үймүүлж, 21 ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна гэв. 22 Хурсан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа. 23 Ийнхүү зодож жанчаад, тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав. 24 Тушаал авсан хуяг тэднийг дотоод гянданд хийж, хөлийг нь дөнгөлжээ.
25 Шөнө дундын үед Паул, Силас хоёр залбирч, Бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа. 26 Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ. 27 Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрж алахыг завдтал 28 Паул чангаар
—Өөрийгөө бүү хорло. Бид бүгд энд байна гэж хашхирав. 29 Тэр бамбар авчруулаад үсрэн орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө чичрэн сөхрөв. 30 Тэр тэднийг гаргах зуураа
—Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэхэд 31 тэд
—Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ. 32 Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүгдэд Эзэний үгийг ярьжээ. 33 Хуяг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угаагаад, тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртэв. 34 Тийнхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ хөөрөн баярлаж байлаа.
35 Өглөө болоход тэргүүн захирагчид цагдаа нарыг илгээн,
—Өнөө хүмүүсийг сулла гэж хэлүүлжээ. 36 Хуяг энэ үгсийг Паулд дамжуулж
—Тэргүүн захирагч нар “Та нарыг сулла” гэж хэлүүллээ. Одоо гарч амар тайван яв даа гэхэд, 37 харин Паул тэдэнд
—Ромын иргэд биднийг шүүхгүйгээр тэд олны өмнө жанчиж, шоронд хийсэн. Одоо болохоор биднийг нууцаар хөөж байна уу? Үгүй шүү! Тэд өөрсдөө ирж биднийг гаргаг гэв. 38 Цагдаа нар тэргүүн захирагчдад энэ үгсийг илтгэхэд, Ромын иргэд гэдгийг нь сонсоод тэд айцгаав. 39 Ийнхүү тэд ирцгээж, тэднийг тайвшруулаад гаргаж, хотоос гарч явахыг гуйв. 40 Тэр хоёр шоронгоос гарч, Лудиагийнд ирээд, ах дүү нартайгаа уулзаж, урам зориг оруулаад, явлаа.


  • a16:8 эсвэл дайрч аялаад
  • b16:12 Зарим гар бичмэлд: Македоны эхний дүүргийн хот эсвэл Македон дахь тэр дүүргийн тэргүүлэх хот