8 1 Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа.
Чуулганыг Саул хавчсан нь
Тэр өдөр Йерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей ба Самарийн нутгуудаар тархав. 2 Стефаныг сүсэгтэй эрчүүд хөдөөлүүлж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаажээ. 3 Харин Саул айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж чуулганыг тарамдуулж байлаа.*

Филип Самарид номлов

4 Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. 5 Филип Самарийн хотодa ирж, тэдэнд Христийг тунхаглав. 6 Хурсан олон Филипийн үгийг сонсож, үйлдэж байсан тэмдгүүдийг харж, санал нэгтэйгээр яриаг нь анхаарч байлаа. 7 Учир нь бузар сүнс шүглэсэн олон хүнээс тэдгээр нь чанга дуугаар хашхиран зайлж байсан юм. Саа өвчтэй болон эрэмдэг олон хүн эдгэрч байв. 8 Тэр хот үлэмж баяр баясалтай байв.
9 Симон гэгч нэгэн эр өөрийгөө агуу нэгэн хэмээн хотод илбэ үзүүлэн, самаричуудыг урьд нь гайхшируулж байжээ. 10 Их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж,
—Агуу хэмээгдэх Бурханы хүч чинь энэ л байна гэцгээдэг байж. 11 Тэр удаан хугацааны турш тэднийг гайхшируулж байсан тул тэд түүнийг анхаардаг байжээ. 12 Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайнмэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч баптисм хүртэж байлаа. 13 Симон ч бас итгэсэн бөгөөд баптисм хүртээд Филипийг дагах болж, гайхамшиг болон тэмдгүүд үйлдэгдэхийг хараад, гайхаж хоцордог байв.
14 Бурханы үгийг Самари хүлээн авсныг Йерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн рүү илгээв. 15 Тэд ирж, тэдэнд Ариун Сүнсийг авхуулахын төлөө залбирчээ. 16 Учир нь тэдний хэнд ч Ариун Сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд Эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптисм хүртсэн байжээ. 17 Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа. 18 Элч нарын гар тавилтаар Ариун Сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч
19 Энэ эрх мэдлээ надад бас өгөөч. Тэгвэл би гараа тавьсан хүн бүрийг Ариун Сүнстэй болгоно шүү дээ гэв. 20 Гэвч Петр түүнд
—Бурханы бэлгийг чи мөнгөөр авч болно гэж санасан тул мөнгө чинь чамтай хамт мөхөг. 21 Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг ч, оролцоо ч байхгүй. 22 Энэ ёр муугаа гэмшиж Эзэнд залбир. Зүрхний чинь хар санаа уучлагдаж болох юм. 23 Учир нь хор шар, зүй бусын хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ. 24 Симон хариуд нь
—Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.
25 Тэд чин сэтгэлээсээ Эзэний үгийг гэрчилж тунхаглаад Йерусалим руу буцсан бөгөөд мөн Самарийн олон тосгонд сайнмэдээг тунхаглав.

Филип ба Этиопын тайган амбан

26 Харин Эзэний тэнгэрэлч, Филипт
—Босогтун. Йерусалимаас Газ руу урууддаг замаар урагшb яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)c 27 Тэр ч босоод явав. Тэгтэл харагтун, Этиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Этиопын тайган амбан Йерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, 28 буцан явж байжээ. Тэр тэргэндээ суун, эш үзүүлэгч Исаиаг уншиж явав. 29 Филипт Сүнс
—Тэр тэргийг гүйцэн оч гэв. 30 Гүйн очтол, өнөөх амбан, эш үзүүлэгч Исаиаг уншиж байх нь Филипт сонсогдов. Тэгээд түүнээс
—Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэхэд 31 тэр
—Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах билээ? гээд Филипийг тэргэндээ суухыг гуйв. 32 Түүний уншиж байсан Бичвэрийн хэсэг гэвэл,*
“Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд
Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг
Амаа ч Тэр нээгээгүй юм.
33 Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн.
Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ?
Учир нь Түүний амь газраас зайлуулагдсан юм”
гэсэн нь аж. 34 Мөнөөх тайган хүн, Филипт
—Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд 35 Филип ам нээн тэрхүү Бичвэрээс эхлэн Есүсийн тухай сайнмэдээг түүнд ярьж өгөв. 36 Тэд замаар явсаар устай газар хүрч иржээ. Тайган
—Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв. 37 [Филип
—Хэрэв та бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр
—Есүс Христ Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна гэж хариулав.]d 38 Тэгээд тэрээр тэргийг зогсоохыг тушаан тэд хоёул ус руу орж, Филип түүнд баптисм хүртээжээ. 39 Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ. 40 Харин Филип Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртлээ дайран гарсан бүх хотуудад сайнмэдээг тунхагласаар явлаа.


  •  8:3 Үйл 22:4–5, 26:9–11
  • a8:5 Зарим гар бичмэлд: төв хотод
  • b8:26 өмнө зүг тийш эсвэл үд дунд
  • c8:26 эсвэл хүмүүсийн явахаа больсон зам
  • 8:32–33 Иса 53:7–8 (LXX)
  • d8:37 Зарим гар бичмэлд хаалт дахь эшлэл байхгүй.