22 — 1 Эрчүүд ахан дүүс ээ, эцгүүд ээ! Та нарын өмнө өчих өмгөөллийг минь сонсооч гэв. 2 Тэр тэдэнд хандсан үгээ еврейгээр ярьж эхлэхийг сонссон хүмүүс бүр ч чимээгүй болов. Паул цааш нь
— 3 Би Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелын дор эцэг өвгөдийн хуулийн чандлалын дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаа шиг би бас Бурханы төлөө зүтгэгч болсон билээ.* 4 Би энэхүү Замд үхлийн хавчлага үзүүлэн эр, эмгүй хүлж шоронд хийж байсан.* 5 Тэргүүн тахилч ба ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж, тэнд байсан хүмүүсийг баривчилж, Йерусалимд шийтгэхээр явж байлаа.
Паул итгэсэн тухайгаа ярив
6 Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал гэнэт хурц гэрэл тэнгэрээс цацарч намайг хүрээлэн авахад 7 би газар унасан. Тэгтэл “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдлоо. 8 “Эзэн минь, Та хэн бэ?” гэсэнд Тэр надад “Чиний хавчиж буй Назарын Есүс бол Би байгаа юм” гэлээ. 9 Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ. 10 Тэгээд би “Эзэн минь, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск яв. Юу хийх ёстой бүгдийг чинь тэнд чамд хэлж өгнө” гэв. 11 Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн байж Дамаскт очсон юм.
12 Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, хуулийн дагуу сүсэгт Ананиа гэгч нэгэн эр 13 над руу ирэн, дөхөж зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа. 14 Тэр надад “Өвөг дээдсийн маань Бурхан хүслээ мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан мөн амнаасаа гарах дууг сонсгохын тулд чамайг томилжээ. 15 Учир нь чи үзсэн, сонссоноо бүх хүнд гэрчлэх Түүний гэрч болно. 16 Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая” гэв.
Паул харийнханд илгээгдсэн нь
17 Ийнхүү би Йерусалимд буцаж ирээд сүмд залбирч байтал хэт хөөрөлд автаж 18 би Түүнийг харсан ба Тэр надад “Түргэл, Миний тухай гэрчлэлийг чинь тэд хүлээж авахгүй учраас Йерусалимаас шалавхан гар” гэж айлдав. 19 Тэгэхэд нь би “Эзэн минь, Танд итгэгчдийг би синагог бүрд жанчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ. 20 Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь зогсож, сайшаан, амийг нь хөнөөгчдийн хувцсыг сахиж байсан”* гэхэд 21 Тэр надад “Яв, Би чамайг бусад үндэстэн рүү алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.
Паул ба Ромын шүүх
22 Тэд энэ үг хүртэл түүнийг сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн
—Энэ мэтийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй гэж хашхиралдав. 23 Тийнхүү тэд хашхиралдангаа хувцсаа хүү татаж, агаарт шороо тоос босгон байтал 24 мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг тушааж, яагаад тэд түүн рүү ийн хашхиралдсаны учрыг олохын тулд түүнийг ташуурдаж байцаа гэв. 25 Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад
—Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү? гэхэд 26 зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга дээр очиж, түүнд
—Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв. 27 Тэгтэл мянгатын дарга Паул дээр ирээд
—Чи Ромын иргэн юм уу? Надад хэлээч гэсэнд тэр
—Тийм ээ гэлээ. 28 Мянгатын дарга
—Би энэхүү иргэний эрхийг их мөнгөөр олж авсан гэхэд Паул
—Харин би төрөхдөө л иргэн нь байсан гэв. 29 Тэгэхэд түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй зайлан явлаа. Паулыг Ромын иргэн гэдгийг мэдээд түүнийг хүлсэндээ мянгатын дарга айв.
Паул Зөвлөлийн өмнө
30 Тэгээд маргааш нь иудейчүүд түүнийг юунд буруутгаж буйг тодорхой мэдэхийг хүссэн тул түүнийг суллав. Тэгээд ахлах тахилч нар болоод бүх Зөвлөлийг цуглахыг тушаан, Паулыг авчирч тэдний өмнө зогсоожээ.
- 22:3 Үйл 5:34–39
- 22:4–5 Үйл 8:3, 26:9–11
- 22:20 Үйл 7:58