Ариун Сүнс ирэв

2 1 Пентэкостын өдөра болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа.* 2 Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. 3 Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэг бүр дээр буув. 4 Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр өгөгдсөнийг харь хэлүүдээр ярьж эхлэв.
5 Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Йерусалимд амьдарч байж. 6 Энэхүү чимээнээр үй олон хүн цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. 7 Гайхаж алмайрсан тэд
—Энэ ярьж байгаа чинь бүгд галилчууд биш үү? 8 Гэтэл төрөлх хэлээр маань ярихыг бидний хүн нэг бүр сонслоо. 9 Партчууд, медечүүд, еламчууд мөн Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази, 10 Фруг, Памфул, Египет ба Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд 11 болох иудейчүүд бас шинэ итгэлтнүүд, крэтчүүд, арабууд бид нар Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийнхөө хэл дээр сонсоцгоолоо гэв. 12 Тэд бүгд гайхширан алмайрсаар өөр хоорондоо
—Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв.
13 Тэд амтатb дарсанд согтоцгоож дээ гэж зарим нь шоолов.

Олонд хандсан Петрийн айлдвар

14 Харин Петр арван нэгийн хамт босоод, чанга дуугаар, тэдэнд тунхаглаж
—Иудейн эрчүүд ээ, Йерусалимын бүх оршин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонстугай. 15 Та нарын бодсончлон эд согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаарc цаг болж байна. 16 Энэ нь эш үзүүлэгч Иоелоор дамжуулан,
17 “Бурхан айлдахдаа
«Эцсийн өдрүүдэд Би Сүнсээ
Бүх махбод дээр цутгана.
Хөвгүүд, охид чинь эш үзүүлж,
Залуус чинь үзэгдэл үзэн,
Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.
18 Зарц, шивэгчингүүдийнхээ дээр
Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана.
Тэд эш үзүүлэх болно.
19 Би дээр тэнгэрт совин ёр
Доор газарт тэмдгүүдийг өгнө.
Энэ нь цус, гал, суунаглах утаа билээ.
20 Эзэний агуу, цог жавхлант өдөр ирэхийн өмнө
Нар харанхуйлж,
Сар цус мэт болно.
21 Эзэний нэрийг дуудах бүхэн аврагдах болно» хэмээв” *
гэснээр болжээ.
22 Израил эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Та нарын мэдсэнчлэн, Бурхан та нарын дунд Назарын Есүсээр дамжуулан хүчирхэг үйлс, гайхамшиг болон тэмдгийг үйлдэж, Түүнийг та нарт илэрхийлсэн бөгөөд 23 Бурханы тогтоосон төлөвлөгөө ба урьдаас мэдсэн ёсоор та нар Түүнийг хуульгүйчүүдийн гараар цовдолж алсан.* 24 Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлаас чөлөөлж, Түүнийг амилуулсан юм.* 25 Давид Түүний тухай*
“Эзэн өмнө минь үргэлж байгааг
Би харсан.
Тэр миний баруун талд байдаг учраас
Би ганхахгүй.
26 Тиймээс зүрх минь баярлаж,
Хэл минь баяслаа.
Махбод минь ч найдвар дотор оршино.
27 Учир нь Та сэтгэлийг минь
Үхэгсдийн оронд орхихгүй,
Ариун Нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй.
28 Өөрт минь Та амийн замыг мэдүүлж,
Өөрийнхөө оршихуйгаар Надад баяр хөөрийг дүүргэнэ”
гэсэн байдаг.
29 Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдаад, булш нь өдгөөг хүртэл бидний дунд байна. 30 Тэрээр эш үзүүлэгч байсан учраас Бурхан түүнд андгайлсан ёсоороо үр хойчоос нь түүний сэнтийд залахыг мэдээд,* 31 Христийн амиллыг угтан харж,
“Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй,
Махбод нь ч ялзралыг үзсэнгүй”
гэсэн юм.* 32 Энэ Есүсийг Бурхан амилуулсан, бид бүгд үүний гэрч нар мөн. 33 Тиймээс Тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, та нарын үзэж, сонсож байгаа Ариун Сүнсийг цутгасан юм. 34 Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө*
“Эзэн миний Эзэнд айлдахдаа
«Миний баруун гарт залрагтун.
35 Би дайснуудыг чинь
Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» хэмээв”
гэсэн юм. 36 Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн бас Христ болгосныг Израилын айл бүхэн баттай мэдэгтүн гэв.

Итгэлийн эхэн

37 Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт
—Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв. 38 Петр тэдэнд
—Гэмшигтүн, гэм нүглээ уучлуулахын төлөө та нар цөм Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нар Ариун Сүнсийг бэлэг болгон авах болно. 39 Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байгч бүгдийнх бөгөөд манай Эзэн Бурханаар дуудагдсан болгоных билээ гэв. 40 Тэр өөр олон үгээр гэрчлэн
—Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. 41 Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. 42 Тэд элч нарын сургаал, нөхөрлөл, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа.

Итгэгчдийн амьдрал

43 Хүн бүрд айдас байлаа. Элч нараар олон гайхамшиг, тэмдэг үйлдэгдэж байв. 44 Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, бүх юм нь нийтийнх байв.* 45 Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа. 46 Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цугладаг байсан ба айл айлд талх хуваалцаж, баяр хөөртэй, цэвэр сэтгэлээр хооллоцгоож, 47 Бурханыг магтан, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.


  • а2:1 Пентэкостын өдөр: Алгасал баяраас хойш 50 хоногийн дараа болдог, Иудейн Долоо хоногуудын баяр буюу Ургацын баяр. Тоо 28:26 үз.
  • 2:1 Лев 23:15–21; Дх 16:9–11
  • b2:13 эсвэл шинэ
  • c2:15 09:00 цаг.
  • 2:17–21 Иое 2:28–32 (LXX)
  • 2:23 Мт 27:35; Мк 15:24; Лк 23:33; Иох 19:18
  • 2:24 Мт 28:5–6; Мк 16:6; Лк 24:5
  • 2:25–28 Дуу 16:8–11 (LXX)
  • 2:30 Дуу 132:11; 2См 7:12–13
  • 2:31 Дуу 16:10
  • 2:34–35 Дуу 110:1
  • 2:44 Үйл 4:32–35