Йерусалим дахь Зөвлөл

15 1 Иудейгээс ирсэн хэсэг хүн
—Мосегийн ёс заншлаар хозлуулаагүй л бол та нар аврагдаж чадахгүй гэж ах дүү нарт сургажээ.* 2 Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, багагүй маргаан болов. Тэгээд Паул, Барнаб нарыг хэдэн хүний хамт Йерусалим дахь элч нар, ахлагчид руу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов. 3 Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо, харийнхан Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав. 4 Тэднийг Йерусалимд ирэхэд чуулган, элч нар ба ахлагчид хүлээн авлаа. Өөрсдөөр нь дамжуулан Бурханы үйлдсэн болгоныг тэд тайлагнажээ. 5 Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож
—Тэд хозлуулж, Мосегийн хуулийг сахих ёстой гэдгийг тэдэнд зааварлах хэрэгтэй гэцгээв.
6 Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав. 7 Ихэд маргалдсаны эцэст Петр босож, тэдэнд
—Ах дүү нар аа, харийнханд сайнмэдээний үгийг хэлж, итгүүлэхийн тулд Бурхан эртнээс намайг та нарын дундаас сонгосныг та нар мэдэж байгаа.* 8 Зүрхийг мэдэгч Бурхан, бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн Ариун Сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд* 9 зүрхийг нь Тэр итгэлээр цэвэрлэж, биднийг болоод тэднийг ялгаагүй билээ. 10 Эцгүүдийн маань болон бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ? 11 Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.
12 Цугласан олон бүгд чимээгүй байцгааж байлаа. Харийнхны дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа. 13 Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Иаков
—Ах дүү нар минь, намайг сонсоцгоо. 14 Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг харийнхны дундаас авахаар анх хэрхэн тэднийг эргэж тойрсон тухай Симеон хэллээ. 15 Үүнтэй эш үзүүлэгчдийн үгс ч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ.
16 “«Үүний дараа Би эргэж ирээд
Давидын нурсан асрыг дахин босгоно.
Балгасуудыг нь Би дахин босгож, сэргээнэ.
17 Эдгээрийг үйлдэгч нь тунхаглаж байна.
Ингэснээр хүмүүний үлдэгсэд Эзэнийг эрж хайна.
Миний нэрээр дуудагдсан бүх харийнхан ч бас хайна» гэж
18 Өнө эртнээс мэдэгддэг Эзэн
Эдгээрийг айлдаж байна”
гэжээ.* 19 Тиймээс миний санаа бол харийнхан дундаас Бурхан өөд эргэж буй хүмүүсийг дарамтлахгүй байх нь дээр юм. 20 Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл ба цуснаас цээрлэж явахыг бичье.* 21 Учир нь Амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв.

Харийнхны итгэгчдэд илгээсэн захидал

22 Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох руу илгээх нь зүйтэй санагджээ. 23 Тэднээр энэхүү бичгийг илгээв.
“Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь бусад үндэстний ах дүү нартаа мэнд хүргэе.
24 Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь үгээрээ та нарыг самууруулж, сэтгэлийг чинь үймрүүлснийг сонссон тул 25 бид санаа нэгдэн, ах дүү нарыг дундаасаа сонгож, бидний хайрт Паул, Барнаб нарын хамт та нар луу илгээх нь зүйтэй санагдав. 26 Тэд бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амиа зориулсан хүмүүс билээ. 27 Тиймээс бид Иуда, Силас нарыг явууллаа. Тэд бас мөнөөх зүйлийн талаар ярих болно. 28 Учир нь та нарт эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг тохохгүй байх нь Ариун Сүнсэнд болон бидэнд зүйтэй хэмээн санагдаж байна. 29 Та нар шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр.
Баяртай.”
30 Илгээгдсэн тэд Антиохт хүрч, итгэгч олныг цуглуулж захидлыг гардуулав. 31 Захидлыг уншаад тэд урамшуулсанд нь баярлацгаав. 32 Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгээр ихэд урамшуулан батжуулжээ. 33 Тэнд тэд хэсэг хугацаанд байсны дараа ах дүү нараар үдүүлэн өөрсдийг нь илгээгсэд рүү амар амгалан буцлаа. 34 [Харин Силасын хувьд тэнд үлдэх нь зүйтэй санагджээ.]a 35 Паул, Барнаб хоёр Антиохт үлдэж, бусад нөхдийн хамтаар Эзэний үгийг заан тунхаглаж байлаа.
Паул, Барнаб нар салж явав
36 Хэдэн өдрийн дараа Паул
—Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямаршуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв. 37 Марк гэгддэг Иоханыг өөрсдийнхөө хамт авч явахыг Барнаб хүсжээ. 38 Памфулд тэднийг орхиж, үйлсийн төлөө хамт яваагүй түүнийг авч явах хэрэггүй гэж Паул үзжээ.* 39 Хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биеэсээ салж, Барнаб Маркийг дагуулан Киприйг зорин усан онгоцоор явжээ. 40 Харин Паул Силасыг сонгож хөдлөв. Ах дүү нар Паулыг Эзэний нигүүлсэлд даатгав. 41 Тэрээр Сири болон Киликээр дайран чуулгануудыг хүчирхэгжүүлж явлаа.


  • 15:1 Лев 12:3
  • 15:7 Үйл 10:1–43
  • 15:8 Үйл 2:4, 10:44
  • 15:18 Амо 9:11–12 (LXX)
  • 15:20 Гэт 34:15–17; Лев 17:10–16, 18:6–23
  • a15:34 Зарим гар бичмэлд энэ эшлэл байхгүй.
  • 15:38 Үйл 13:13