Паул Македон ба Грекээр явав

20 1 Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулан, тэднийг сэнхрүүлээд салах ёс гүйцэтгэж, Македоныг зорин явлаа. 2 Тэр тэдгээр нутгаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд 3 гурван сар болов. Түүнийг Сири рүү усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македоноор дамжиж буцахаар шийдэв. 4 Түүнийг Беройгоос гаралтай Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гаи, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав. 5 Тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа. 6 Бид Исгээгүй талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдөр явж, Тройд тэдэн дээр очоод, тэнд бид долоо хоног байв.

Паул Трой руу аялсан нь

7 Долоо хоногийн эхний өдөр бид талх хуваахаар хамтдаа цуглав. Паул маргааш нь явахаар шийдсэн тул, тэдэнтэй ярилцаж шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ. 8 Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа. 9 Тэнд Юутух гэгч нэгэн залуу Паулыг ярьж байхад цонхны тавцан дээр суун гүн нойронд автжээ. Тэрээр нойрондоо дийлдэн гурван давхраас уначхав. Очиход үхсэн байлаа. 10 Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд
—Бүү сандар. Тэр амьд байна гэлээ. 11 Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа. 12 Залуу хүү амьд байгаад нь тэдний санаа ихэд амарчээ.

Тройгоос Милет рүү аялсан нь

13 Харин бид усан онгоцоор Асст түрүүлэн очиж, тэндээс Паулыг усан онгоцондоо авах санаатай байв. Учир нь тэр үүнийг ингэж зохицуулан өөрөө тийшээ явган явж очих санаатай байлаа. 14 Тэр бидэнтэй Асст уулзахад нь бид түүнийг усан онгоцондоо авч Митуленд ирэв. 15 Тэндээс бид усан онгоцоор маргааш нь Хиосын эсрэг талд хүрч, дараа өдөр нь Самост хүрч, удаах өдөр нь Милетэд ирэв. 16 Паул боломжтой бол Пентэкостын өдөр Йерусалимд байх гэж яарч байсан тул Азид цаг алдахгүйн үүднээс Ефесийг өнгөрч явахаар болжээ.

Паул Ефесийн удирдагчидтай ярилцсан нь

17 Тэр Милетээс Ефест хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав. 18 Тэднийг ирэхэд тэр
—Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш ямар байсныг минь та нар мэднэ. 19 Иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд би Эзэнд даруу зангаар, нулимстай үйлчилж байсан. 20 Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж, 21 Бурханд хандан гэмших болон бидний Эзэн Есүс Христэд итгэх тухай иудейчүүд ба грекчүүдэд гэрчилсэн. 22 Үзтүгэй, эдүгээ би Йерусалим руу Сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй байна. 23 Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. 24 Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.*
25 Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ. 26 Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна. 27 Учир нь Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийж байсан минь үгүй билээ. 28 Бурханa цусаарааb Өөртөө өмчилж авсан чуулганыг харгалзуулахаар Ариун Сүнс та нарыг томилсон тул өөрсдөдөө болон бүх сүрэгт анхаарал тавь. 29 Намайг явсны дараагаар, сүргийг үл өршөөх хэрцгий чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. 30 Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ. 31 Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун. 32 Эдүгээ Бурханд болон та нарыг босгон байгуулж, ариусгагдсан бүхний дунд өв өгөх чадалтай Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна. 33 Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй. 34 Миний болон надтай хамт байгсдын хэрэгцээний төлөө энэ гар минь үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. 35 Ингэж зүтгэн хөдөлмөрлөж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв.
36 Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирлаа. 37 Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв. 38 Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байлаа. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.


  • 20:24 2Тм 4:7
  • a20:28 Зарим гар бичмэлд: Эзэн
  • b20:28 эсвэл Хүүгийнхээ цусаар