2 1 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Моабын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би өөрчлөхгүй.
Едомын хааны ясыг үнс болтол шатаасан тул*
2 Моабын дээр Би гал илгээнэ.
Тэр гал Кериотын цайзуудыг залгих болно.
Моаб бужигнаан дунд,
Дайны уухай, бүрээн дуунд мөхнө.
3 Би дундаас нь шүүгчийг тастан
Бүх жононг нь хамт бас хөнөөнө” гэж
ЭЗЭН айлдаж байна.

Иудаг шүүх нь

4 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Иудагийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би өөрчлөхгүй.
Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж,
Тушаалуудыг нь сахиагүй.
Эцгүүдийнхээ дагаж байсан
Худал хуурмагт тэд төөрөлдсөн тул
5 Иуда дээр Би гал илгээнэ.
Йерусалимын цайзуудыг тэр гал залгих болно.”

Израилыг шүүх нь

6 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Израилын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би өөрчлөхгүй.
Тэд зөвт хүнийг мөнгөөр,
Гачигдсаныг хос шаахайгаар худалдсан.
7 Үгээгүй нэгний толгойг газрын шороонд дэвсэж
Дорой нэгний замыг эргүүлдэг.
Эцэг хүү хоёул нэг шивэгчин дээр орж
Ариун нэрийг минь бузарладаг.
8 Тахилын ширээ бүрийн дэргэд
Барьцаанд авсан хувцаснууд дээрээ хэвтэж,
Бусдыг торгож авсан дарсыг
Бурханыхаа гэрт тэд уудаг.

9 Хуш мод шиг өндөр,
Царс мэт хүчтэй аморичуудыг
Тэдний өмнөөс устгасан нь Би бус уу?
Дээдэх жимс, доодох үндсийг нь ч Би устгасан.*
10 Египет нутгаас та нарыг Би авчирсан.
Аморичуудын нутгийг эзэмшүүлэхээр,
Дөчин жил та нарыг Би цөлд удирдсан.
11 Хөвгүүдийн чинь заримыг эш үзүүлэгчид болгохоор,
Залуусын чинь заримыг назирa байлгахаар
Би босгосон.
Израилын хөвгүүд ээ, тийм байсан бус уу?” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

12 “Гэвч та нар назир хүмүүст дарс уулгаж,
Эш үзүүлэгчдэд «Бүү эш үзүүл» гэж тушаажээ.

13 Юүжилсэн тариагаар дүүрэн тэрэг доош дардаг шиг
Үзтүгэй, Би та нарыг дарах үед
14 Шалмаг нь хурдлавч эс зайлна,
Чадалтай нь хүчээ үл сэлбэнэ.
Баатарлаг нь амиа эс аварна.
15 Нум атгагч нь үл тэснэ.
Хурдан хөлтөн нь эс зайлна.
Морьтон ч амиа үл аварна.
16 Хүчтэнүүдийн мятаршгүй нь хүртэл
Тэр өдөр шалдан зугтана” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.


  •  2:1–3 Иса 15:1—16:14, 25:10–12; Иер 48:1–47; Езк 25:8–11; Зеф 2:8–11
  • 2:9 Дх 3:8–11
  • a2:11 назир: ЭЗЭНд онцгой зориулалт өргөсөн ийм хүн усан үзмийн дарс, шар айраг уух, үсээ хусах, цогцост хүрэхийг цээрлэдэг байжээ. (Тоо 6:1–8)