Царцаа, гал, тэгшлүүр

7 1 Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцаан сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац хааны хадлангийн дараа байв. 2 Тэд газрын ногоог идэж дуусах агшинд би
—Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков өчүүхэн тул хэрхэн зогсох вэ? гэв. 3 ЭЗЭН энэ тухайд бодлоо өөрчлөн
—Энэ зүйл тохиолдохгүй гэж ЭЗЭН айлдсан.
4 Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, Эзэн БУРХАН галан аадар дуудаж байсан. Тэр гал их оёоргүй гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ. 5 Тэгэхэд би
—Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков өчүүхэн тул хэрхэн зогсох вэ? гэж хэллээ. 6 ЭЗЭН энэ тухайд бодлоо өөрчлөн
—Энэ нь ч бас тохиолдохгүй гэж Эзэн БУРХАН айлдлаа.
7 Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн тэгшлүүртэй, хэрмэн дээр мутартаа тэгшлүүртэй зогсож байлаа. 8 ЭЗЭН, надад
—Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн

“Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилын дунд
Тэгшлүүр тавих гэж байна.
Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.
9 Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч,
Израилын ариун газрууд нуранги болно.
Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэй босно” гэв.

Амазиа зарга мэдүүлэв

10 Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа, Израилын хаан Иеробоамд үг илгээн
—Израилын гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Түүний бүх үгийг энэ газрынхан дааж ядав. 11 Учир нь Амос “Иеробоам илдэнд үхнэ. Израил гарцаагүй нутгаасаа цөллөгт явах болно” гэж хэлж байна гэв. 12 Амазиа харин Амост
—Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг руу зугтаж, тэнд талхаа идэж, тэндээ эш үзүүл! 13 Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энд хааны ариун газар, хаанчлалын өргөө бий гэв.
14 Тэгэхэд Амос Амазиад хариулан
—Би эш үзүүлэгч биш, эш үзүүлэгчийн хөвгүүн ч биш. Харин би малчин, инжрийн жимс хураагч. 15 Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас авсан бөгөөд, “Миний ард түмэн Израил дээр очоод, эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан. 16 Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилын эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү ярь” гэж хэлж байна.
17 Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, хөвгүүд, охид чинь илдэнд унаж, газрыг чинь хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар газар үхэх болно. Израил гарцаагүй нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.