Жимстэй сагс
8 1 Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, тэнд зуны жимстэй нэгэн сагс байв. 2 Тэр
—Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би
—Зуны жимстэй нэгэн сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН, надад
—Миний ард түмэн Израилын төгсгөл ирэв. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй. 3 Ордны дуунууд тэр өдөр орь дуун болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон хүн үхдэл болж, бүх газарт тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.
4 Гачигдсан хүмүүсийг гишгэчиж,
Газар нутгийн ядуусыг устгах гэдэг
Та нар үүнийг сонсоцгоо.
5 “Шинэ сар хэзээ өнгөрөх вэ?
Үр тариагаа зарах юмсан.
Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ?
Буудайн худалдаагаа нээх юмсан.
Ефаг жижгэрүүлж, шекелийг томруулан,
Хуурамч жинлүүрээр мэхэлнэ.
6 Ядуусыг мөнгөөр,
Гачигдсаныг хос шаахайгаар худалдан авч
Буудайн хаягдлыг ч бас зарна” гэдэг.
7 ЭЗЭН, Иаковын бардамналаар тангарагласан.
“Үнэхээр, Би тэдний бүх үйлсийг хэзээ ч мартахгүй.
8 Үүнээс болж газар хөдөлж,
Тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү?
Энэ бүгд Нил шиг босож шидэгдэн
Египетийн Нил шиг буурах болно.”
9 Эзэн БУРХАН тунхаглаж байна.
“Тэр өдөр Би үд дунд нарыг жаргааж,
Гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгоно.
10 Тэгээд Би баяр наадмуудыг чинь гаслаан,
Бүх дууг чинь гашуудал болгон эргүүлнэ.
Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж,
Толгой бүрийг халзална.
Ганц хүүгийнхээ хойноос гаслах үе мэт болгож,
Гашуун төгсгөлтэй өдөр мэт болгоно.
11 Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна” гэж
Эзэн БУРХАН тунхаглаж байна.
“Талхаар өлсөх бус, усаар цангах бус,
Харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөөх өлсгөлөн байх юм.
12 Ард түмэн тэнгисээс тэнгис рүү,
Умардаас дорно хүртэл хэсүүчилнэ.
ЭЗЭНий үгийг тэд эрж хайн
Ийш тийшээ явавч эс олно.
13 Тэр өдөр үзэсгэлэнт охид, залуус
Цангаснаас болж ухаан алдана.
14 «Дан аа, чиний бурхан амьд!» гэдэг,
«Беершебагийн зам амьд!» хэмээдэг,
Самарийн ялаар тангараглагчид
Унаад дахин өндийхгүй.”