Израилын сүйрэл
9 1 Тахилын ширээний хажууд зогсож буй
Эзэнийг би харлаа.
Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд
Багануудын толгойг цохь.
Бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд.
Үлдэгсдийг нь Би илдээр ална.
Оргогч нь үл зайлна,
Зугтагч нь эс мултарна.
2 Үхэгсдийн орон руу ухаад орсон ч
Мутар минь тэднийг тэндээс барина.
Тэнгэр өөд гарсан ч
Тэднийг Би эндээс буулгана.
3 Кармелын оргилд нуугдсан ч
Тэндээс Би тэднийг хайн олж, барина.
Тэнгисийн ёроолд харцнаас минь өөрсдийгөө далдалсан ч
Тэнд Би могойдa тушааж,
Тэр нь тэднийг хатгах болно.
4 Дайснуудынхаа өмнө бас олзлогдон явсан ч
Илдэнд Би тушааж, тэднийг тэнд хядуулна.
Сайны төлөө бус, харин хор хөнөөлийн төлөө
Мэлмийгээ Би тэдэн рүү чиглүүлнэ” гэж айлдав.
5 Түг түмдийн Эзэн БУРХАН
Газарт хүрэх аваас газар нь хайлж
Газарт оршигч бүхэн гашуудаж,
Тэд бүгд Нил шиг босовч,
Египетийн Нил шиг эргэн бууна.
6 Тэнгэрт дээд өрөөгөө баригч,
Тэнгэр огторгуйн суурийг дэлхий дээр тавигч нь,
Тэнгисийн усыг дуудан ирүүлж,
Газрын гадаргуу дээр асгагч нь Тэр билээ.
Түүний нэр бол ЭЗЭН билээ.
7 “Израилын хөвгүүд ээ, та нар Миний хувьд
Этиопын хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Би Израилыг Египетийн нутгаас,
Филистчүүдийг Кафтораас,
Арамчуудыг Кирээс авчраагүй гэж үү?
8 Харагтун, нүгэлт хаанчлал дээр
Эзэн БУРХАНы мэлмий байдаг.
Би түүнийг газрын гадаргаас устгана.
Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
9 “Учир нь, харагтун, Би тушааж байна.
Буудайг шигшүүрээр шигшдэг лугаа адил
Израилын гэрийг бүх үндэстний дунд
Би сэгсрэх болно.
Гэвч нэг ч хайрга газарт унахгүй.
10 Миний ард түмний доторх бүх нүгэлтэн,
«Гай зовлон биднийг нөмрөхгүй, учрах ч үгүй» гэж хэлэгсэд
Бүгд илдэнд үхэх болно.
Давидын хаанчлалыг сэргээнэ
11 Тэр өдөр Давидын нурсан асрыг Би босгож,
Цөмөрхийнүүдийг нь шавж битүүлнэ.
Балгасуудыг нь босгож,
Эртний өдрүүдийнх шиг нь дахин барина.*
12 Ингэснээр тэд Едомын үлдэгсдийг болоод
Нэрээр минь дуудагдах бүх үндэстнийг эзэмшинэ” хэмээн
Үүнийг үйлдэгч ЭЗЭН тунхаглаж байна.
13 ЭЗЭН тунхаглаж байна.
“Харагтун, газар хагалагч нь хураагчийн араас,
Усан үзмийн худалдаачин нь үр таригчийн араас ажиллана
Уулс амтат дарсыг дуслуулж,
Толгод бүр уусах өдрүүд ирж байна.
14 Би олзлолоос Израил түмнээ эргүүлж,
Нуранги хотуудыг тэд дахин босгож амьдарна.
Усан үзэм тариалж, дарс ууна
Үзмийн төглүүдийг тарьж, жимсийг нь иднэ.
15 Би тэднийг газар нутагт нь тарина.
Миний тэдэнд өгсөн газраас
Тэд дахин сугалагдахгүй” гэж
ЭЗЭН Бурхан чинь айлдаж байна.
- a9:3 ЭЗО: тэнгисийн мангас: Тэнгист аварга мангас амьдардаг бөгөөд бусад амьдын адил Бурханы хяналтад байдаг гэж үздэг байжээ.
- 9:11–12 Үйл 15:16–18