Израилын нүглийн улмаас гашуудав
5 1 Израилын гэр ээ, та нарт гашуудлын дуу болгон өргөж буй үгийг минь сонс.
2 Онгон Израил унаад, дахин үл босно.
Тэр нутагтаа хаягдсан.
Түүнийг босгох хэн ч алга.
3 Учир нь Эзэн БУРХАН айлдаж байна.
“Израилын гэрт мянгатыг гаргагч хот нь зуутай үлдэнэ.
Зуутыг гаргагч нь аравттай л үлдэнэ.”
4 Учир нь Израилын гэрт хандан
ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Намайг хай, тэгвэл амьд үлдэнэ.
5 Харин Бетелийг бүү хай,
Гилгал руу бүү оч,
Беершебагаар бүү дайр.
Учир нь Гилгал заавал олзлогдон явж,
Бетелд золгүй явдал учирна.
6 ЭЗЭНийг хай, тэгвэл амьд үлдэнэ.
Эс тэгвээс Тэрээр Иосефын гэрийг
Гал мэт дайрч, цөлмөх болно.
Бетелд түүнийг унтраах хэн ч үгүй байна.
7 Шүүхийг шарилж болгож,
Зөвт байдлыг та нар газар хаядаг.”
8 Тэр долоон бурхан, мичдийг бүтээсэн,
Үхлийн харанхуйг ч өглөөгөөр сольдог.
Өдрийг шөнө болгон харанхуйлуулж,
Тэнгисийн усыг дуудан
Газрын гадаргуу дээр асгадаг
Түүний нэр ЭЗЭН.*
9 Хүчтэн дээр сүйрлийг цахилуулж,
Бэхлэлтэд сүйрлийг ирүүлэгч нь Тэр юм.
10 Гулдан хаалган дээр зэмлэдэг хүнийг
Тэд үзэн яддаг,
Чигч шударгаар ярьдаг хүнийг
Тэд зэвүүцдэг.
11 Та нар ядуу хүнд татвар ногдуулж,
Тарианы алба гувчуурыг яг таг авдаг тул
Зассан чулуугаар байшингууд барьсан ч
Та нар тэндээ амьдрахгүй.
Тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч
Та нар дарснаас нь уухгүй.
12 Учир нь та нарын гэмт үйлдлүүд,
Үлэмж нүглийг чинь Би мэднэ.
Зөвтийг шахаж, хахууль авч,
Ядууг гулдан хаалган дээр хилсдүүлэхэд
13 Хашир нь дуугаа хураадаг энэ үе
Юутай ёрын муу цаг үе вэ!
14 Хай, мууг бус, сайныг хай,
Тэгвэл амьд үлдэнэ.
Та нарын хэлсэн ёсоор түг түмдийн Бурхан ЭЗЭН
Тийнхүү та нартай хамт байх болтугай.
15 Мууг үзэн яд, сайныг хайрла
Гулдан хаалган дээр шударга ёсыг тогтоо.
Тэгвэл түг түмдийн Бурхан ЭЗЭН
Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магад.
16 Иймд түг түмдийн Бурхан ЭЗЭН
Эзэн ийнхүү айлдаж байна.
“Талбай бүрд орилох дуу сонсогдож,
Гудамж бүрд «Аа-аа» гэцгээнэ.
Тэд тариачдыг гашуудалд дуудаж,
Мэргэшсэн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.
17 Усан үзмийн цэцэрлэг бүрд орь дуу гарна.
Учир нь Би дундуур чинь өнгөрөх болно” гэж
ЭЗЭН айлдаж байна.
ЭЗЭНий өдөр-харанхуй өдөр
18 ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар хөөрхий еэ!
ЭЗЭНий өдөр нь та нарт ямар хэрэгтэй юм?
Тэр нь гэрэл биш, харанхуй байх болно.
19 Хүн арслангийн амнаас гарч
Баавгайн аманд орох мэт,
Гэртээ хариад, гараараа хана түшин
Могойд хатгуулах мэт байна.
20 ЭЗЭНий өдөр нь гэрэл бус харанхуй биш үү?
Гэгээ үгүй түнэр харанхуй бус уу?
21 “Найр наадмуудыг чинь үзэн ядав,
Би тэднээс татгалзав.
Тусгай чуулаануудыг чинь Би эс таалав*
22 Шатаалт тахил,
Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч
Би хүлээж авахгүй.
Эвийн тахилын тарган малыг чинь ч
Би анхаарч үзэхгүй.
23 Дуу хөгжмийнхөө чимээг Надаас зайлуул.
Ятгын эгшгийг чинь ч Би сонсохгүй.
24 Шударга ёс ус мэт
Зөвт байдал мөнхийн урсгал мэт урсаг.
25 Израилын гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад тахил, идээн өргөлийг өргөн барьсан бил үү?* 26 Та нар бас өөрсдөдөө хийсэн Сиккут хааныгаа, Кийун хөргүүдээ, бурхдынхаа одыг авч явсан. 27 Тиймд Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түг түмдийн Бурхан.
- 5:8 Иов 9:9, 38:31
- 5:21–22: Иса 1:11–14
- 5:25–27 Үйл 7:42–43