Өөрийгөө бордон амарлигчид шийтгүүлнэ

6 1 Сионд маадгар байгчид,
Самарийн ууланд аюулгүй гэж бодогчид,
Израилын гэрийн очдог үндэстнүүдийн
Эрхэм алдартнууд цөм хөөрхий еэ!
2 Калне руу очиж хар.
Тэндээс агуу Хамат руу оч,
Дараа нь филистчүүдийн Гат руу оч.
Эдгээр хаанчлалаас та нар илүү юу?
Эсвэл нутаг дэвсгэр чинь тэднийхээс агуу юу?
3 Гай зовлонгийн өдрийг та нар хойшлуулж,
Хүчирхийллийн суудлыг ойртуулж байна уу?

4 Зааны ясан орон дээр хажуулагсад,
Буйдан дээрээ тэрийн хэвтэгчид,
Сүргээс хургуудыг, хашаанаас тугалуудыг идэгчид хөөрхий еэ!
5 Та нар ятгын аянд дэмий л гиншиж,
Давидыг дуурайн хөгжим бичиж,
Өөрсдөдөө зориулдаг.
6 Хамгийн сайн тосоор биеэ тосолж,
Хулаар тэд нар дарс уудаг боловч
Иосефын балгасуудын төлөө гашууддаггүй.
7 Тиймээс одоо цөлөгдөгсдийн түрүүнд
Тэд нар цөллөгт явах болно.
Тэрийн хэвтэгчдийн найр үгүй болно.

8 Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна.
Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна.
“Би Иаковын ихэрхэлд дургүйцэж,
Цайзуудыг нь үзэн ядна.
Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг
Би тушаах болно.”

9 Тэр үед нэг гэрт арван хүн үлдсэн байх аваас тэд ч гэсэн үхэх болно. 10 Оршуулагч хамаатан нь ясыг гэрээс гаргахдаа байшингийн дотор талд буй хүнд “Чамтай хамт өөр хэн нэгэн бий юу?” гэнэ. Өнөөх нь “Хэн ч алга” гэхэд тэр “Чимээгүй, учир нь ЭЗЭНий нэрийг дурсах ёсгүй” гэх болно.

11 Харагтун, том байшингууд хэсэг болтлоо,
Жижиг байшингууд хэлтэрхий болтлоо хэмхэр гэж
ЭЗЭН тушаах гэж байна.
12 Хадан дээгүүр морьд давхидаг уу?
Үхэр хөллөн түүнийг хагалах уу?
Гэсэн ч та нар шударга ёсыг хороор,
Зөвт байдлын жимсийг шарилжаар сольсон.
13 “Бид өөрсдийн хүчээр Карнаимыгa авсан бус уу? гэж
Ло-Дебартb та нар баясдаг.
14 Харагтун, Израилын гэр ээ.
Би та нарын эсрэг нэг үндэстнийг босгох гэж байна” гэж
Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна.
“Тэд Хаматын хоолойгоос Арабагийн хотгор хүртэл
Та нарыг дарангуйлах болно.”


  • a6:13 Карнаим: Энэ жижиг хотын нэр нь хүч чадлын бэлгэдэл болсон “эвэр” гэсэн утгатай.
  • b6:13 Ло-Дебар: Энэ нэр евр. “хоосон” гэсэнтэй төстэй үг.