4 1 Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ,
Энэ үгийг сонс.
Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар
“Аваад ир, бид ууя” гэж нөхрүүддээa хэлдэг.
2 Эзэн БУРХАН ариун чанараараа тангараглав.
“Харагтун, тэд та нарыг дэгээгээр,
Үлдэгсдийг чинь загасны дэгээгээр авч явах
Тэр өдөр та нар дээр ирж байна.
3 Та нар хэрмийн цөмөрхийгөөр гарч,
Нэг нэгээрээ Хармон руу хаягдана” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

4 “Бетел рүү ирээд, тэрслэл зөрчлөө үйлд.
Гилгалд тэрслэл зөрчлөө олшруул!
Өглөө бүр, тахилаа авчир,
Гурав хоног бүрд аравны нэгээ өргө.
5 Үлдсэн талхаараа бас талархлын өргөл өргө.
Сайн дурын өргөлүүдийг зарлан тэднийг сонсго.
Учир нь Израилын хөвгүүд та нар
Үүндээ дуртай ажээ” гэж
Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Израил залруулгаас татгалзав

6 “Бүх хотод чинь Би та нарт цэвэрхэн шүд,
Бүх газар чинь хүнсний гачигдал өгсөн.
Гэсэн ч та нар Над руу эргээгүй” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

7 “Ургац хураатал гурван сар үлдээд байхад
Би та нараас бороог бас татсан.
Тэгээд Би нэг хот руу бороо явуулж,
Нөгөө хот руу бороо эс явуулав.
Нэг хэсэгт нь бороо орж байхад
Бороо ороогүй хэсэг нь хатсан.
8 Иймд хоёр гурван хот ус уухаар
Өөр хот руу гэлдрэх болсон ч та нар ханаагүй,
Гэсэн ч та нар Над руу эргээгүй” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

9 “Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон.
Цэцэрлэгүүд, усан үзмийн талбайг чинь хувхайруулж,
Инжир, чидун моддыг чинь авгалдай цөлмөсөн.
Гэсэн ч та нар Над руу эргээгүй” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

10 “Египетэд үйлдсэн шигээ
Би та нарын дунд гамшиг илгээсэн.
Танай залуусыг олзолсон морьдтой чинь
Илдээр хядсан.
Танай хуарангийн өмхий самхайг
Би хамрын чинь нүхэнд чихсэн.
Гэсэн ч та нар Над руу эргээгүй” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

11 “Бурхан Содом, Гоморраг хөмөрсөн шиг
Би та нарыг хөмөрч,
Галаас шүүрсэн цуцал шиг болгосон.
Гэсэн ч та нар Над руу эргээгүй” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.*

12 “Тэгэхээр Израил аа,
Би чамд ийн үйлдэнэ.
Би чамайг ингэх учраас Израил аа,
Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн.”

13 Харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж,
Бодол санаагаа хүнд тунхагладаг,
Үүрийн туяаг харанхуй болгож,
Дэлхийн өндөрлөгүүдээр алхагч
Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН Бурхан юм.


  • a4:1 евр. эзэд
  • 4:11 Эх 19:24