Израилын гэм ба шийтгэл

3 1 Израилын хөвгүүд буюу Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл гэр бүлийн эсрэг, та нарын эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.
2 “Газар дэлхийн бүх омгийн дундаас
Би зөвхөн та нарыг сонгосон тул
Хилэнц бүрийн чинь төлөө
Би та нарыг шийтгэнэ.”

3 Тохиролцоогүй хоёр хамт алхах уу?
4 Олзгүй арслан ойд архирах уу?
Юу ч бариагүй атлаа
Залуу арслан үүрнээсээ архирах уу?
5 Оньсгүй аваас газарт буй урхинд шувуу орох уу?
Юу ч баригдаагүй атал урхи нь газраас дээш өргөгдөх үү?
6 Хотод бүрээ үлээвээс хүмүүс цочирдохгүй гэж үү?
Хэрэв ЭЗЭН учруулаагүй бол
Хотод гай зовлон тохиолдох уу?

7 Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр
Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.
8 Арслан архирахад
Айхгүй хэн байх вэ?
Эзэн БУРХАН айлдахад
Эш үзүүлэхгүй хэн байх вэ?

9 Ашдодын цайзууд болоод
Египет газар дахь цайзуудад зарлагтун.
“Самарийн уулс дээр цуглар.
Түүний доторх их үймээн самууныг,
Дунд нь буй дарлалыг үз.
10 Тэд зөвийг хийхийг мэддэггүй” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэд цайзууддаа хүчирхийлэл ба сүйрлийг нөөцөлдөг.”

11 Тэгэхээр Эзэн БУРХАН
Ийнхүү айлдаж байна.
“Дайсан нутгийг чинь бүсэлж,
Хүчийг чинь сулруулж,
Цайзуудыг чинь тонох болно.”

12 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хоньчин хүн арслангийн амнаас хоёр шийр, чихний тасархайг булаан авах шиг Самарид оршдог Израилын хөвгүүд орны булан, дэвсгэрийн тасархайтай л аврагдана.

13 Сонс, Иаковын гэрийн эсрэг гэрчил” гэж
Эзэн БУРХАН, түг түмдийн Бурхан тунхаглаж байна.
14 “Тэр өдөр Би Израилын гэмт үйлдлийг шийтгэнэ
Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ.
Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.*
15 Би өвлийн байшинг зуны байшинтай нь цохино.
Зааны ясан байшингууд нурж,
Олон байшинг сүйтгэнэ” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.


  •  3:14 2Ха 23:15