Улаан тэнгисийг гатлав
14 1 ЭЗЭН Мосед айлдан
— 2 Эргэж, Мигдол ба тэнгисийн дунд, Пи-Хахиротын өмнө буудалла гэж чи Израилын хөвгүүдэд хэл. Та нар Баал-Зефоны харалдаа эсрэг талд далайн эрэгт буудалла. 3 Фараон, Израилын хөвгүүдийг “Тэд тэр газар төөрч, цөлд мухардсан” гэж бодно. 4 Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.
5 Ард түмэн зугтсан тухай Египетийн хаанд хэлсэнд Фараон болон түүний түшмэдийн зүрх ард түмний эсрэг болон хувирч, тэд
—Бид Израилыг өөрсдөдөө үйлчлүүлэлгүй явуулснаараа юу хийчих нь энэ вэ? гэцгээв. 6 Фараон тэрэгт цэргээ бэлтгэж, хүмүүсээ авав. 7 Зургаан зуун шилдэг тэрэгт цэрэг болон Египетийн бүх тэрэгт цэргийг тус бүрийнх нь даргатай хамт тэр авав. 8 ЭЗЭН, Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилын хөвгүүдийн хойноос хөөв. Израилын хөвгүүд зоригтойгоор явж байлаа. 9 Египетчүүд буюу Фараоны бүх морьд, тэрэгт цэрэг, морьтнууд, нийт цэрэг нь израилчуудыг хөөв. Баал-Зефоны өмнө талд, Пи-Хахиротын хажууд далайн эрэгт буудаллаж байхад нь египетчүүд тэднийг гүйцэж ирэв. 10 Фараоныг ойртон ирэх үед египетчүүд хойноос нь хөөн ирж явааг Израилын хөвгүүд харлаа. Израилын хөвгүүд ихэд айж, ЭЗЭНд хандан хашхирцгаав. 11 Тэд Мосед
—Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчраа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ? 12 Бид Египетэд “Биднийг орхи. Бид египетчүүдэд үйлчилж л байя” гэж танд тэр үед хэлээгүй бил үү? Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм гэцгээв.
13 Мосе ард түмэнд
—Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. 14 ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай! гэж хэлэв. 15 ЭЗЭН, Мосед
—Чи юунд Над руу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилын хөвгүүдэд хэл. 16 Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган далайг хуваа. Израилын хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ. 17 Харин Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэрэг, түүний тэрэгт цэрэг болон морин цэргүүдээр дамжин алдарших болно. 18 Би, Фараон болон түүний тэрэгт цэрэг, түүний морин цэргүүдээр дамжин алдаршихад Намайг ЭЗЭН гэдгийг египетчүүд мэдэх болно гэж айлдав. 19 Израилын хуарангийн өмнө явж байсан Бурханы тэнгэрэлч хөдөлж, тэдний ард очлоо. Үүлэн багана тэдний өмнөөс хөдөлж, тэдний ард зогсов. 20 Үүлэн багана Египетийн хуаран ба Израилын хуарангийн хооронд орж зогссонд нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй.
21 Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав. 22 Израилын хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.* 23 Египетчүүд араас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгт цэрэг ба морин цэргүүд тэдний араас далай руу оров. 24 Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргийг үзээд, тэднийг самууралд оруулав. 25 Тэрээр зэвсэгт тэрэгнүүдийнх нь дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд
—Израилаас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.
Мөшгөгсөд живэв
26 ЭЗЭН, Мосед
—Далай дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгт цэрэг, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун гэв. 27 Мосе далай дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвдээ оров. ЭЗЭН, египетчүүдийг далайн дунд живүүлэв. 28 Ус буцан ирж, тэрэгт цэрэг ба морин цэргүүд буюу израилчуудын хойноос далай руу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд тэднээс нэг нь ч үлдсэнгүй. 29 Харин Израилын хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.
30 Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилыг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсыг Израил харав. 31 Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израилчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн ЭЗЭН хийгээд Түүний зарц Мосед итгэв.
- 14:22 1Ко 10:1–2; Евр 11:29