Мосе төрж өсөв
2 1 Леви овгийн нэгэн хүн явж, Леви овгийн охиныг авав. 2 Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзээд түүнийг гурван сар нуужээ.* 3 Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан хулсан сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хөвгүүнээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавьжээ. 4 Хүүд юу тохиолдохыг мэдэхээр эгч нь зайдуу зогсож байлаа. 5 Фараоны гүнж усанд орохоор Нил рүү ирж, шивэгчингүүд нь Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд мөнөөх хулсан сагс байхыг тэр хараад, шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа. 6 Тэр нээж харсанд, харагтун, нэгэн хөвгүүн уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн
—Энэ еврейчүүдийн хөвгүүдийн нэг нь байна гэв. 7 Түүний эгч нь Фараоны охинд
—Би явж, еврей эмэгтэйчүүдээс танд хөвгүүнийг хөхүүлж өгөх хөхүүл эмэгтэйг дуудах уу? гэв. 8 Фараоны охин түүнд
—Яв! гэхэд охин явж хөвгүүний эхийг дуудлаа. 9 Фараоны охин түүнд
—Энэ хөвгүүнийг авч, надад хөхүүлж өг. Би чамд хөлсийг нь өгнө гэлээ. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав. 10 Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүү нь болов. Мөнөөх нь хүүг Мосеa гэж нэрлээд,
—Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ.*
Мосе Мидиан руу зугтав
11 Мосе өсөж том болоод нэгэн өдөр ах дүү нар дээрээ очиж тэдний хүнд хүчир ажлыг харав. Ах дүүсийнх нь нэгэн болох еврей эрийг нэг египет эр зодож байхыг тэр үзэв.* 12 Тэр ийш тийш хараад, хүнгүй байхыг үзмэгцээ мөнөөх египетийг алж элсэнд нуужээ. 13 Түүнийг дараа өдөр нь очиход хоёр еврей эр зодолдож байгаа үзэгдэв. Тэрээр буруутанд
—Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд 14 харин нөгөө хүн
—Хэн чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр египетийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу? гэсэнд Мосе айж
—Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв. 15 Фараон энэ хэргийг сонсоод, Мосег алахаар хайв. Харин Мосе, Фараоны нүднээс зугтаж Мидиан газар саатав.* Тэгээд тэр нэгэн худгийн дэргэд сууж байлаа. 16 Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услах гэж онгоцнуудыг дүүргэв. 17 Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд, Мосе босож охидод туслан тэдний хонин сүргийг усаллаа. 18 Тэд эцэг
Реуел дээрээ ирэхэд тэр
—Өнөөдөр та нар юунд ийм эрт ирэв? гэж асуув. 19 Тэд
—Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татаж өгч хонин сүргийг усаллаа гэжээ. 20 Тэрээр охиддоо
—Тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг дуудаж хоол идүүл! гэж хэлэв. 21 Тэгээд Мосе тэр хүнтэй хамт амьдрахаар шийдсэнд тэрээр Мосед охин Зиппорагаа өгчээ. 22 Тэрээр хүү төрүүлсэнд Мосе
—Би хүний нутагт цагаач болсон юм гээд түүнд Гершомb гэдэг нэр өгөв.
23 Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан өөд болов. Израилын хөвгүүд боолчлолоос болж шүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ. 24 Бурхан тэдний ёолох дууг сонсоод, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан гэрээгээ санав.* 25 Бурхан, Израилын хөвгүүдийг харжээ. Тэгээд Бурхан тэдэнд санаа тавив.c
- 2:2 Үйл 7:20; Евр 11:23
- a2:10 Мосе: евр. “гаргаж авах” гэсэнтэй төстэй үг.
- 2:10 Үйл 7:21
- 2:11 Евр 11:24
- 2:15 Үйл 7:29; Евр 11:27
- b2:22 Гершом: евр. “цагаач” гэсэнтэй төстэй үг.
- 2:24 Эх 15:13–14
- c2:25 ЭЗО: Тэдэнд өөрийгөө мэдүүлэв.