Арван тушаал
(Дх 5:1–21)

20 1 Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ.
2 —Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.
3 Чи Надаасa өөр бурхадтай байж болохгүй.
4 Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий.* 5 Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл буулгадаг.* 6 Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед ньb хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.
7 Чи ЭЗЭН Бурханыхаа нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино.*
8 Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.* 9 Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажлаа хий.* 10 Харин долоо дахь өдөр нь ЭЗЭН Бурханы чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танай хотод байгаа суугуул цагаач хүн ч мөн адил. 11 Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.*
12 Эцэг эхээ хүндэл. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газар дээр чи урт насална.*
13 Чи хүн бүү ал.*
14 Чи бүү завхайр.*
15 Чи бүү хулгайл.*
16 Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.*
17 Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэр, зарц, шивэгчин, үхэр, илжиг гээд хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр гэв.*
18 Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, эвэр бүрээн дууг мэдрэн, утаа нүүгэлтсэн уулыг хараад айн дагжиж, алсад зогссоор байв.* 19 Тэд Мосед
—Та бидэнтэй яриач. Бид сонсъё. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхнэ гэв. 20 Мосе ард түмэнд
—Бүү ай. Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Мөн Түүнээс эмээхүй нь та нарт байж та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ ирсэн юм гэв. 21 Бурханы байгаа түнэр харанхуйд Мосег ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.

Тахилын ширээний хууль

22 ЭЗЭН, Мосед
—Чи Израилын хөвгүүдэд ингэж хэл. “Намайг тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа. 23 Та нар Надтай зэрэгцүүлэн мөнгөн бурхад эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий. 24 Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээр өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө. 25 Хэрэв та нар Надад зориулан чулуугаар тахилын ширээ хийх гэвэл цавчиж зассан чулуугаар бүү өр. Учир нь та нар чулуунд багаж хүргэснээр Түүний ариуныг алдагдуулна.* 26 Та нар Миний тахилын ширээ өөд шатаар авирч бүү гар. Энэ нь нүцгэн бие чинь түүн дээр үзэгдэхгүй байхын тулд юм” гэв.


  • a20:3 эсвэл Миний өмнө
  • 20:4–5 Гэт 34:17; Лев 19:4, 26:1; Дх 4:15–18, 27:15
  • 20:5–6 Гэт 34:6–7; Тоо 14:18; Дх 7:9–10
  • b20:6 мянга мянган үед нь
  • 20:7 Лев 19:12
  • 20:8 Гэт 16:23–30, 31:12–14
  • 20:9–10 Гэт 23:12, 31:15, 34:21, 35:2; Лев 23:3
  • 20:11 Эх 2:1–3; Гэт 31:17
  • 20:12 Дх 27:16; Мт 15:4, 19:19; Мк 7:10, 10:19; Лк 18:20; Еф 6:2–3
  • 20:13 Эх 9:6; Лев 24:17; Мт 5:21, 19:18; Мк 10:19; Лк 18:20; Ром 13:9; Иак 2:11
  • 20:14 Лев 20:10; Мт 5:27, 19:18; Мк 10:19; Лк 18:20; Ром 13:9; Иак 2:11
  • 20:15 Лев 19:11; Мт 19:18; Мк 10:19; Лк 18:20; Ром 13:9
  • 20:16 Гэт 23:1; Мт 19:18; Мк 10:19; Лк 18:20
  • 20:17 Ром 7:7, 13:9
  • 20:18–19 Евр 12:18–19
  • 20:25 Дх 27:5–7; Иош 8:31