Чөлөөлөлтийг баталгаажуулав
6 1 ЭЗЭН, Мосед
—Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.
2 Бурхан цааш нь Мосетой ярин түүнд
—Би бол ЭЗЭН.* 3 Би Абрахам, Исаак, Иаковт Төгс Хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭНa гэдэг нэрээрээ Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй. 4 Би мөн тэдэнд Канаан нутгийг буюу цагаачилж суусан нутгийг нь өгөхөөр гэрээгээ тэдэнтэй байгуулсан. 5 Би Египетийн боолчлолд орсон Израилын хөвгүүдийн ёолохыг сонсож, гэрээгээ саналаа. 6 Тиймээс Израилын хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна. 7 Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан ЭЗЭН Бурхан чинь Би гэдгийг та нар мэдэх болно. 8 Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газарт та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би ЭЗЭН” гэж айлдав. 9 Мосе үүнийг Израилын хөвгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сэтгэл, бас хэрцгий боолчлолын улмаас Мосег эс сонсов. 10 ЭЗЭН, Мосед
— 11 Явж, Израилын хөвгүүдийг нутгаасаа явуул гэж Египетийн хаан Фараонд хэл гэв. 12 Гэвч ЭЗЭНий өмнө Мосе
—Үзэгтүн, Израилын хөвгүүд намайг сонсохгүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Би чинь ам хагараагүй хүн гэв. 13 Мосе Аарон нарт ЭЗЭН айлдаж, Египет нутгаас Израилын хөвгүүдийг гаргахын тулд Израилын хөвгүүд болон Египетийн хаан Фараоны тухайд тэдэнд тушаал өгөв.
Мосе Аарон нарын уг гарал
14 Эдгээр нь тэдний эцгийн бүлийн тэргүүн нар болой. Израилын ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ. 15 Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ. 16 Левийн хөвгүүдийн нэрс нь уг угсаа дагуу Гершон, Кохат, Мерари бөгөөд Левийн амьдралын жилүүд зуун гучин долоон жил байв.* 17 Гершоны хөвгүүд нь ургуудынхаа эрэмбээр Либни, Шимеи нар билээ. 18 Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохатын амьдралын жилүүд зуун гучин гурван жил байв. 19 Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар юм. Тэд уг угсаа дагуу левичүүдийн ургууд билээ. 20 Амрам нь авга эгч Иохебедыг эхнэрээ болгон авч, тэр эмэгтэй түүнд Аарон, Мосе хоёрыг төрүүлжээ. Амрамын амьдралын жилүүд зуун гучин долоон жил байжээ. 21 Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар билээ. 22 Уззиелийн хөвгүүд нь Мишаел, Елзафан, Ситри нар билээ. 23 Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэр болгон авчээ. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв. 24 Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэд корачуудын ургууд билээ. 25 Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авч, тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа дагуу левичүүдийн эцгийн бүлүүдийн тэргүүлэгчид билээ. 26 “Израилын хөвгүүдийг цэргийн эрэмбээр Египет газраас гарга” гэж ЭЗЭН, Аарон Мосе нарт айлдсан билээ. 27 Израилын хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс нь Мосе Аарон нар юм.
Мосе Аарон нар Бурханы тушаалыг дагав
28 Египетийн нутагт ЭЗЭН, Мосед айлдсан тэр өдөр 29 ЭЗЭН, Мосед
—Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв. 30 Гэвч Мосе, ЭЗЭНий өмнө
—Үзэгтүн, би ам хагараагүй хүн. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлсэн аж.
- 6:2–3 Эх 17:1, 28:3, 35:11; Гэт 3:13–15
- a6:3 ЭЗЭН: 3:14 үз.
- 6:16–19 Тоо 3:17–20, 26:57–58; 1Шс 6:16–19