Иетрогийн зөвлөгөө
18 1 ЭЗЭН, Израилыг Египетээс хэрхэн гаргасан ба Бурхан, Мосед болон ард түмэн нь болсон Израилдаа юу хийснийг бүгдийг нь Мосегийн хадам эцэг, Мидианы тахилч Иетро сонсжээ. 2 Мосегийн хадам эцэг Иетро, Мосегийн илгээсэн түүний эхнэр Зиппораг* 3 болон хоёр хүүг нь хүлээн авав. Тэдний нэгнийх нь нэрийг Гершомa гэдэг аж. Учир нь Мосе
—Би харь газар цагаач болжээ гээд ийнхүү нэрлэсэн байжээ.* 4 Нөгөөгийнх нь нэрийг Елиезерb гэдэг аж. (Учир нь Мосе
—Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан юм гээд ийнхүү нэрлэсэн юм.) 5 Мосегийн хадам эцэг Иетро, эхнэр хөвгүүдийнх нь хамт цөлд түүн дээр хүрч ирэв. Тэнд Бурханы ууланд Мосе буудалласан байв. 6 Тэрээр Мосед
—Чиний хадам эцэг Иетро би эхнэр, хоёр хүүтэй чинь хамт чам руу ирж байна гэж мэдэгдэв. 7 Тэгэхэд Мосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийн түүнийг үнсэв. Тэд амар мэндээ асуулцсаны дараа майханд орцгоов. 8 Фараонд болон египетчүүдэд Израилын төлөө ЭЗЭНий үйлдсэн бүхнийг мөн аян замд тохиолдсон бүх хүнд бэрхшээлийг, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсныг Мосе хадам эцэгтээ ярив. 9 Израилыг египетчүүдийн гараас аврах үед тэдэнд хандсан ЭЗЭНий бүх сайн сайханд Иетро баярлав. 10 Тиймээс Иетро
—Та нарыг египетчүүдийн гар, Фараоны гараас аварч, ард түмнийг египетчүүдийн гар дороос аварсан ЭЗЭН магтагдах болтугай. 11 Үргэлж давилуун загнадаг тэднийг ялсан учир ЭЗЭН бол хамаг бурхдаас илүү аугаа юм гэдгийг би одоо мэдлээ гэв. 12 Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро, Бурханд зориулан шатаалт тахил ба бусад тахилыг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилын хамаг ахмадуудтай цуг ирэв.
13 Дараа өдөр нь Мосе ард олныг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов. 14 Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхнийг Мосегийн хадам эцэг хараад
—Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхэн чинь юу вэ? Бүх ард олон өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, чи яагаад ганцаараа сууж байгаа юм бэ? гэж асуув. 15 Мосе хадам эцэгтээ
—Ард олон Бурханаас асуухаар над дээр ирдэг. 16 Тэд маргаантай бол над дээр ирж, би уг хүн болон хөршийнх нь хоорондохыг шүүн Бурханы зарлиг, хуулиудыг мэдүүлдэг гэв. 17 Мосегийн хадам эцэг түүнд
—Чиний ингэж хийж байгаа чинь сайн биш юм. 18 Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. 19 Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир. 20 Тэгээд тэдэнд зарлиг болон хуулийг таниулж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл. 21 Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь. 22 Тэд ард түмнийг бүхий л цагт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно. 23 Хэрэв чи ийнхүү хийвэл мөн Бурхан чамд тушаавал чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв.
24 Тийнхүү Мосе хадам эцгийнхээ үгийг сонсоод, хэлсэн бүхнийг нь хийв. 25 Мосе чадварлаг хүмүүсийг бүх Израилаас сонгож, мянгат, зуут, тавьт, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүн нар болгов. 26 Тэд бүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвигтай хэргийг тэд Мосед авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүв. 27 Дараа нь Мосе хадам эцгээ үдэж явууллаа. Хадам эцэг нь нутагтаа буцав.
- 18:2–3 Гэт 2:21–22
- a18:3 Гершом: евр. “цагаач” гэсэнтэй төстэй үг.
- 18:3 Үйл 7:29
- b18:4 Елиезер: евр. “Бурхан миний тусламж” гэснээс гаралтай.