Тахилчийн өмсгөл
(Гэт 39:1–7)

28 1 Чи Израилын хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг Надад үйлчлэх тахилчийн албанд авагтун.
2 Ах Аароныхаа алдар, сүр жавхланд зориулан ариун хувцас хий. 3 Тахилчийн албанд Надад үйлчлэхийн тулд Аароныг ариусгахаар түүнд хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн ур авьяаст хүн бүхэнд хэлэгтүн. 4 Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, толгойн ороолт, бүс болно. Аарон нь Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд тэд ахад чинь болон хөвгүүдэд нь ариун хувцас хийг. 5 Тэд алт ба хөх, нил ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг аваг.

Ефод

6 Тэгээд алт, хөх, нил ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингаар уран хүний урлал болох ефод хийг. 7 Холбогдсон байхын тулд хоёр үзүүртэй нь холбоотой хоёр мөрөвч байх ёстой. 8 Ефодын дээрх уран гоёмсог бүс нь алт, хөх, нил ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгдсэн байх ёстой. 9 Чи хоёр судалт гартаам чулууг авч, дээр нь Израилын хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн. 10 Тэдний төрсөн дарааллаар нэг чулуун дээр зургаан нэр, нөгөө чулуун дээр үлдсэн зургаан нэр байна. 11 Үнэт чулуу засагчийн урлалаар чи Израилын хөвгүүдийн нэрсийг хоёр чулуунд тамган сийлээсээр сийлэн, алтан сууринд суулгагтун. 12 Чи хоёр чулууг Израилын хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр тогтоох бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ. 13 Чи алтан суурь хий. 14 Мөн шижир алтан хоёр гинжийг сүлжмэл олс шиг урлан хийж, суурин дээр тогтоо.

Шүүхийн цээживч
(Гэт 39:8–21)

15 Чи уран хүний урлал болох шүүхийн цээживчийг хий. Үүнийг чи ефодыг урласны адилаар хий. Чи алт, хөх, нил ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар үүнийг үйлдэгтүн. 16 Тэр нь дөрвөлжин, давхарласан бөгөөд урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм байна. 17 Түүний дээр чи дөрвөн эгнээ чулуу шигтгэ. Бадмаараг, молор, маргадтай эгнээ нь эхний эгнээ, 18 хоёр дахь эгнээ нь оюу, индранил, очир алмаас, 19 гурав дахь эгнээ нь нал, гартаам, ягаан болор, 20 дөрөв дэх эгнээ нь биндэрьяа, судалт гартаам, хаш байна. Эдгээрийг алтан хүрээнд нь суулгах ёстой. 21 Чулуунууд нь Израилын хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий байх бөгөөд тус бүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байх ёстой. 22 Чи цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг урласан гинжнүүд хий. 23 Цээживчин дээр хоёр алтан гархи хийж, хоёр алтан гархиа цээживчний хоёр үзүүрт холбогтун. 24 Хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр гархинд холбо. 25 Хоёр оосрын хоёр үзүүрийг хоёр алтан сууринд холбож, ефодын урд талд мөрөвчтэй нь холбо. 26 Чи хоёр алтан гархи хийж, цээживчний хоёр үзүүрт, ефод руу харсан дотоод ирмэгт нь хад. 27 Чи мөн хоёр алтан гархи хийж, ефодын урд доод талд, мөрөвчнийх нь залгаасны ойролцоо, ефодын уран гоёмсог бүсний дээд талд хад. 28 Тэд цээживчний гархинуудыг ефодын гархинуудтай хөх оосроор холбог. Ингэснээр цээживч нь ефодын уран гоёмсог бүсний дээр байж, ефодоос салахгүй юм. 29 Аарон ариун газарт орохдоо ЭЗЭНий өмнө байнга дурсгал болгон Израилын хөвгүүдийн нэрсийг шүүхийн цээживчинд зүрхэн тушаа авч явна.
30 Шүүхийн цээживчин дотор Урим ба Туммимийг хий.* Аароныг ЭЗЭНий өмнө ороход тэдгээр нь түүний зүрхэн тушаа байна. Израилын хөвгүүдийн шүүлтийг Аарон ЭЗЭНий өмнө байнга зүрхнээ тээж явах болно.

Тахилчийн бусад өмсгөл
(Гэт 39:22–31)

31 Чи ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр хий. 32 Оройн хэсгийнх нь голд амсар гарга. Амсар нь урагдахгүйн тулд хөө хуягийн амсар шиг амсрыг тойруулан нэхмэл урлалаар захал. 33 Хормойг нь тойруулан хөх, нил ягаан, час улаан даавуугаар анаруудыг мөн завсар нь алтан хонхнуудыг тойруулан хий. 34 Нөмрөгийн хормойг тойруулан алтан хонх ба анар, алтан хонх ба анар гэж байхаар хийгтүн. 35 Аарон үйлчлэх үедээ үүнийг өмссөн байх ёстой бөгөөд ЭЗЭНий өмнө ариун газарт орж гарахад нь хонхны жингэнээ сонсогдох ёстой. Ингэснээр тэр үхэхгүй.
36 Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамган сийлээсээр “ЭЗЭНд ариун” гэж сийлэгтүн. 37 Үүнийгээ хөх уяагаар толгойн ороолтонд бэхлэх бөгөөд энэ нь толгойн ороолтын урд талд байх ёстой. 38 Энэ нь Аароны духан дээр байж, Израилын хөвгүүдийн ариун хандив болгож зориулсан ариун юмсын гэм согогийг Аарон өөртөө тохон, тэд ЭЗЭНий өмнө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд энэ нь ямагт түүний духан дээр байг.
39 Чи нарийн маалингаар дотуур дээл нэхэж, нарийн маалингаар толгойн ороолт хий. Чи нэхмэлчний урлал болох бүсийг хий.
40 Аароны хөвгүүдийн алдар, сүр жавхланд зориулан тэдэнд дотуур дээл, бүс болон толгойн боолтууд хийгтүн. 41 Тэгээд чи ах Аарондаа бас хөвгүүдэд нь тэдгээрийг өмсгөн Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд тэднийг тослон тэдэнд сахил хүртээн ариусгагтун. 42 Нүцгэн биеийг нь халхлах маалинган дотуур өмдийг тэдэнд хий. Тэр нь бэлхүүснээс гуя хүрэх ёстой. 43 Аарон болон хөвгүүд нь уулзалтын майханд орохдоо эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо хилэнцээ тээж үхэхгүйн тулд тэдгээрийг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь үүрд мөнхийн зарлиг болой.


  •  28:30 Тоо 27:21; Дх 33:8; Езр 2:63; Нех 7:65