Асрын төлөөх хандив
(Гэт 35:4–9)
25 1 Тэгээд ЭЗЭН, Мосед айлдан
— 2 Надад хандив авчир гэж Израилын хөвгүүдэд хэл. Өгөх хүслээр зүрх нь хөтлөгдсөн хүн бүрээс Надад хандив ав. 3 Чиний тэднээс авах хандив нь алт, мөнгө, хүрэл, 4 хөх, нил ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, 5 улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, 6 гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан үнэртэн, 7 судалт гартаам чулуунууд, ефодa болон цээживчинд суулгах чулуунууд болой. 8 Би тэдний дунд оршихын тулд Надад тэд ариун газрыг бариг. 9 Асрын загвар болон бүх хэрэгслийг нь Миний чамд үзүүлж байгаа бүх загварын дагуу хийх ёстой.
Гэрээний авдар
(Гэт 37:1–9)
10 Тэд хуайс модоор авдар хийх бөгөөд урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас байг. 11 Чи авдрыг шижир алтаар бүр. Дотор гадаргүй бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий. 12 Чи түүнд зориулж дөрвөн алтан гархи цутган авдрын дөрвөн хөл дээр байрлуул. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байна. 13 Чи хуайс модоор дамнуургууд хийж, алтаар бүр. 14 Авдрыг зөөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул. 15 Дамнуургууд нь авдрын гархинд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй. 16 Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий. 17 Чи эвлэрүүллийн тагийг шижир алтаар хий. Уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий.* 18 Эвлэрүүллийн тагны хоёр үзүүрт чи хоёр херүбийг алтаар давтаж хий. 19 Нэг херүбийг нэг үзүүрт, нөгөө херүбийг нөгөө үзүүрт хийж, херүбүүдийг эвлэрүүллийн тагны хоёр үзүүртэй нэгэн цул болго. 20 Херүбүүд далавчаа дээгүүр дэлгэж эвлэрүүллийн тагийг далавчаараа бүрхсэн байна. Тэд өөд өөдөөсөө харсан байх агаад херүбүүдийн нүүр нь эвлэрүүллийн таг руу харсан байна. 21 Эвлэрүүллийн тагийг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий. 22 Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херүбийн хоорондоос, эвлэрүүллийн таган дээрээс Израилын хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ Би чамд айлдана.
Тавиг талхны ширээ
(Гэт 37:10–16)
23 Чи хуайс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий. 24 Чи түүнийг шижир алтаар бүрж, тойруулан алтан эмжээр хий. 25 Ширээг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, хөвөөг нь тойруулан алтаар эмж. 26 Түүнд зориулж чи дөрвөн алтан гархи хийж, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлуул. 27 Гархинууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой. 28 Чи ширээг зөөх дамнуургуудыг хуайс модоор хийж, алтаар бүр. 29 Чи утлагад зориулан таваг, хундага, ундаан өргөлд зориулан хул аяга, ваар сав хий. Эдгээрийг шижир алтаар хий. 30 Чи ширээн дээр тавиг талхыг байнга Миний өмнө байлгахаар тавь.*
Дэнлүүний алтан суурь
(Гэт 37:17–24)
31 Дараа нь чи давтсан шижир алтаар дэнлүүний суурь хий. Дэнлүүний суурь ба ишийг давтаж хийх бөгөөд үүний хундага, болцуу ба цэцгүүд үүнтэйгээ нэгэн цул байна. 32 Дэнлүүний суурийн хажуугаас нь зургаан салаа гарах бөгөөд нэг хажуугаас нь гурван салаа, нөгөө хажуугаас нь гурван салаа гарна. 33 Нэг салаанд гүйлсийн цэцгийн хэлбэртэй гурван хундага байх ба тус бүрдээ болцуу ба дэлбээтэй байна. Нөгөө салаанд ч гүйлсийн цэцгийн хэлбэртэй гурван хундага байх ба тус бүрдээ болцуу ба дэлбээтэй байна. Дэнлүүний суурийн зургаан салаа бүгд ийм байна. 34 Дэнлүүний сууринд мөн гүйлсийн цэцгийн хэлбэртэй дөрвөн хундага байх бөгөөд тус бүрийг болцуу ба дэлбээтэй хий. 35 Дэнлүүнээс гарсан зургаан салааны хувьд үүний эхний хос салааны доор нэг болцуу, дараагийн хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байна. 36 Болцуу ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгэн цул бөгөөд бүхэлдээ шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байна. 37 Дараа нь чи долоон дэнлүүг нь хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд тэд дэнлүүнүүдийг асаах ёстой. 38 Үүний хямсаа ба тавиуруудыг нь шижир алтаар хий. 39 Дэнлүүний суурийг бүх хэрэгслийнх нь хамт нэг талант шижир алтаар хий. 40 Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.*
- a25:7 ефод: Ефодыг зөвхөн тахилч өмсдөг бөгөөд онцгой хүндэтгэлтэй нэг төрлийн хувцсанд хамааруулж үзсэн байдаг. Үнэтэй, олон өнгө бүхий энэ хувцсанд, Бурханы хүслийг мэдэхэд хэрэглэдэг Урим ба Туммим гэдэг хоёр зүйлийг агуулсан нэг төрлийн энгэрэвчийг холбосон байдаг байжээ.
- 25:17 Евр 9:5
- 25:30 Лев 24:5–8
- 25:40 Үйл 7:44; Евр 8:5