Гэрээний тэмдэг

17 1 Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж
Би бол Төгс Хүчит Бурхан.
Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.
2 Чи бид хоёрын хооронд Би гэрээгээ байгуулж,
Чамайг улам өнөр болгоно.
гэв. 3 Абрам нүүрээрээ газар унасанд Бурхан түүнд хандан
4 Миний хувьд, харагтун,
Чамтай байгуулах Миний гэрээ бол:
Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно.
5 Би чамайг олон үндэстний эцэг болгосон учир
Үүнээс хойш чамайг Абрам гэж дуудахгүй харин Абрахамш гэх болно.*

6 Би чамайг маш өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгоно, хаад чамаас гарах болно. 7 Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно.* 8 Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв.*
9 Тэгээд Бурхан, Абрахамд хэлэхдээ
—Чи болоод чамаас хойших үр удам чинь үеийн үед Миний гэрээг сахигтун! 10 Эр хүйстэн болгон хозлуулах ёстой. Чи болон чамаас хойших үр удмын чинь сахих ёстой Миний гэрээ энэ юм.* 11 Та нар тээрхийн арьсаа тануулагтун! Энэ нь чи бид хоёрын хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно. 12 Хойч үеийнхний чинь эр хүйстэн бүр мөн гэрт чинь төрсөн, та нарын үр удмын бус аливаа хүн болон гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан боол ч бай бүгд найм хоногтойдоо хозлуулах ёстой. 13 Чиний гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч заавал хозлуулах ёстой. Миний гэрээ та нарын бие махбодод мөнхийн гэрээ болох болно. 14 Хозлуулаагүй буюу тээрхийн арьсаа тануулаагүй эр хүйстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр Миний гэрээг зөрчсөн юм гэв.
15 Бурхан, Абрахамд
—Чиний эхнэр Сараигийн хувьд чи түүнийг Сараи гэж дуудахгүй харин түүний нэр Саращ байх болно. 16 Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав. 17 Тэгэхэд Абрахам нүүрээрээ газар унан инээж
—Зуун настай хүнд хүү төрнө гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж зүрхэн дотроо хэлжээ. 18 Абрахам, Бурханд
—Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хэлсэнд 19 Бурхан
—Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаакъ гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээгээ байгуулж, түүний үр удамтай энэ гэрээг мөнхийн гэрээ болгон байгуулна.
20 Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Харагтун, Би түүнийг ерөөж, өсгөж үржүүлэн өнөр өтгөн болгоно. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно. 21 Харин Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. 22 Тэгээд Бурхан, Абрахамд айлдсан яриагаа дуусгаж түүнээс салан дээш одов.
23 Абрахам, Ишмаел хүүгээ болон гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөр худалдаж авсан бүх хүнээ, гэрийнхнийхээ бүх эр хүйстнийг аваад, яг тэр өдөртөө Бурханы хэлсэн ёсоор тээрхийн арьсыг нь тануулжээ. 24 Абрахам тээрхийн арьсаа тануулахдаа ерэн есөн настай, 25 түүний хүү Ишмаел тээрхийн арьсаа тануулахдаа арван гурван настай байжээ. 26 Тэр өдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел ийнхүү хозлуулжээ. 27 Түүний гэрийнхэн, түүний гэрт төрөгсөд хийгээд гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан бүх эр хүйстэн нь түүнтэй хамт хозлуулжээ.


  • a17:5 Абрахам: евр. “олон үндэстний эцэг” гэснээс гаралтай.
  • 17:5 Ром 4:17
  • 17:7 Лк 1:55
  • 17:8 Үйл 7:5
  • 17:10 Үйл 7:8; Ром 4:11
  • b17:15 Сара: евр. “гүнж” гэсэн утгатай.
  • c17:19 Исаак: евр. “тэр инээдэг” гэсэн утгатай.