28 1 Исаак Иаковыг дуудаад түүнийг ерөөн, захиж
—Чи Канааны охидоос эхнэр бүү ав. 2 Бос, Паддан-Арам руу явж, эхийнхээ эцэг Бетуелийн гэрийнхэн дээр очоод, тэндээс нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав. 3 Төгс Хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг өсгөж үржүүлэн өнөр өтгөн болгож, чи олон ард түмний чуулган болох болтугай. 4 Бурханаас Абрахамд өгсөн газар буюу чиний цагаачилж суугаа газрыг чамд өвлүүлэхийн тулд Абрахамд өгсөн ерөөлөө чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх болтугай гэв.* 5 Исаак Иаковыг илгээсэнд тэрээр Паддан-Арам руу явж, арам хүн Бетуелийн хүүгийнд очжээ. Тэр нь Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабан байлаа.
Ишмаелын охинтой Есав гэрлэв
6 Есавын нүдэн дээр Исаак, Иаковыг ерөөн адисалж, түүнийг Паддан-Арамаас эхнэр авхуулахаар явуулсан ба “Канааны охидоос эхнэр бүү ав” гэж зааварчлан тушаажээ. 7 Иаков эх эцэг хоёроо дуулгавартай дагаж Паддан-Арам руу явав. 8 Бас эцэг Исаакт нь Канааны охид таалагдахгүй байгааг Есав харжээ. 9 Тиймд Есав, Ишмаел руу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин Махалатыг эхнэр болгон авав. Тэр нь Небаиотын охин дүү юм.
Бетелд зүүдэлсэн нь
10 Иаков, Беершебагаас гараад Харан руу явав. 11 Тэрээр нэгэн газар хүрэхэд нар шингэсэн тул тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч толгой дороо тавиад хажуулжээ. 12 Тэрээр зүүдэлсэнд, харагтун, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан бас дахин харвал түүгээр Бурханы тэнгэрэлч нар өгсөж уруудан байлаа.* 13 Тэгтэл, үзэгтүн, ЭЗЭН түүний дээрa зогсоод
—Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.* 14 Чиний үр удам газрын тоос шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархана. Чамаар болон чиний үр удмаар газар дэлхийн бүх овог ерөөгдөх болно.b * 15 Харагтун, Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ. 16 Иаков нойрноосоо сэрээд
—ЭЗЭН үнэхээр энэ газарт байна. Харин би мэдсэнгүй гэв. 17 Тэрээр айн сүрдэж
—Энэ яасан сүрдмээр газар вэ! Энэ бол гарцаагүй Бурханы өргөө төдийгүй тэнгэрийн хаалга юм гэв.
18 Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод дээр нь тос асгав. 19 Энэ газрыг Бетелc хэмээн тэрээр нэрлэжээ. Тэр хотыг өмнө нь Луз гэдэг байж. 20 Иаков андгайлан
—Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалан бас надад идэх хоол, өмсөх хувцас өгөөд, 21 намайг эцгийн минь гэрт амар тайван буцаавал ЭЗЭН миний Бурхан болж, 22 багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болох болно. Таны надад өгөх бүхний аравны нэгийг би Танд өргөнө гэлээ.
- 28:4 Эх 17:4–8
- 28:12 Иох 1:51
- a28:13 эсвэл дэргэд
- 28:13 Эх 13:14–15
- b28:14 эсвэл Бүх үндэстэн Надаас чамайг болон чиний үр удмыг ерөөсний адил өөрсдийг нь ерөөхийг гуйх болно.
- 28:14 Эх 12:3, 22:18
- c28:19 Бетел: евр. “Бурханы гэр” гэсэн утгатай.