Үер татарсан нь
8 1 Бурхан, Ноа болон түүнтэй хамт хөвөгч онгоцонд байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ. 2 Оёоргүй гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо. 3 Ус газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ. 4 Долдугаар сарын арван долооны өдөр хөвөгч онгоц Арарат уулан дээр тогтов. 5 Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.
6 Дөч хоногийн дараа Ноа хөвөгч онгоцондоо хийсэн цонхоо нээж, 7 нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байлаа. 8 Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гарган нисгэжээ. 9 Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй, түүн дээр хөвөгч онгоцондоо буцаж ирэв. Ноа гараа сунган түүнийг тосож аваад дотогш оруулжээ. 10 Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд нөгөөх тагтаагаа хөвөгч онгоцноос дахин гаргалаа. 11 Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэдэв. 12 Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд мөнөөх тагтааг гаргаж тавьсанд дахин түүн дээр эргэж ирсэнгүй.
13 Зургаан зуун нэг дэх оны эхэн сард буюу уг сарын нэгэнд газрын гадарга дээрх ус татарсан байв. Ноа хөвөгч онгоцныхоо дээврийг сөхөж харсанд газрын гадарга хэдийн хуурай болсон байлаа. 14 Хоёрдугаар сард буюу уг сарын хорин долоонд газар хатсан байв. 15 Бурхан, Ноад
— 16 Явагтун, эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч онгоцноос гар. 17 Чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гарга. Эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиж, бас олшрог! гэв. 18 Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ. 19 Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, газар дэлхий дээрх хөдөлгөөнтэй бүхэн овог овгоороо хөвөгч онгоцноос гарчээ.
ЭЗЭНий амлалт Ноад ирэв
20 ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. 21 Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа
—Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй. 22 Газар дэлхий байсан цагт
Тариа тарих ба ургац хураах,
Хүйтэн ба халуун,
Зун ба өвөл,
Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.