2 1 Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. 2 Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажлаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ.* 3 Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөрa амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.
Хүнийг бүтээсэн нь
4 ЭЗЭНb Бурхан тэнгэр газрыг бүтээсэн тэр өдөр, тэнгэр газар бүтээгдсэн уг сурвалж ийм билээ. 5 ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар тариалах хүн ч үгүй байсан тул хээрийн бут сөөг газарт хараахан үгүй, тариалангийн ургамал ногоо арай ургаагүй, харин 6 газраас уур манан хөөрч, бүх газрын гадаргууг усалдаг байлаа.
7 Тэгэхэд ЭЗЭН Бурхан хөрс шорооноосc хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бодгаль болжээ.* 8 ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ. 9 Бас хөрснөөс ЭЗЭН Бурханы ургуулсан янз бүрийн модод нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгчd мод байжээ.*
10 Еденээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс дөрвөн салаа эх авчээ. 11 Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө. 12 Тэр нутгийн алт нь шижир, тэнд бидолаахe хийгээд судалт гартаам ч байжээ. 13 Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийнf бүх нутгийг дайран өнгөрдөг. 14 Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөн нь Евфрат аж.
15 ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. 16 Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан
—Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. 17 Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.
18 ЭЗЭН Бурхан
—Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг буй болгоё гэжээ. 19 Ингээд ЭЗЭН Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан, огторгуйн бүхий л шувууг урлаад, тэднийг хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов. 20 Ийнхүү Адам бүх мал адгуус, огторгуйн шувууд, хээрийн бүх амьтанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. 21 Иймд ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, унтуулаад хавирганаас нь нэгийг сугалан авч ормыг нь махаар бөглөжээ. 22 ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв.
23 Адам
Энэ чинь л яснаас минь авсан яс
Махнаас минь авсан мах юм.
Эр хүнээс авагдсан тул
Эм хүн гэж нэрлэгдэг гэжээ.
24 Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.* 25 Тэр хүн, бас эхнэр нь хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй.
- 2:2 Гэт 20:11; Евр 4:4, 10
- a2:3 эсвэл тэр өдөр гэхэд Бурхан бүтээлээ дуусгасан тул
- b2:4 ЭЗЭН: Еврейгээр ИАВЭ гэдгийг зарим орчуулгад том үсгээр бичдэгийг баримтлав.
- c2:7 шороо: евр. адама буюу хүн гэдгийн үндэс.
- 2:7 1Ко 15:45
- d2:9,17 эсвэл бүхний тухай мэдлэг өгдөг.
- 2:9 Илч 2:7, 22:2, 14
- e2:12 бидолаах: Нэгэн зүйлийн үнэрт давирхай, эрзээн эсвэл үнэт чулуу.
- f2:13 эсвэл Месопотами эсвэл Этиоп
- 2:24 Мт 19:5; Мк 10:7–8; 1Ко 6:16; Еф 5:31