Иосеф Потифарын эхнэр хоёр
39 1 Иосеф Египет рүү хүргэгдэв. Тэгээд түүнийг тэнд авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг арилжин авчээ. 2 ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн египет хүний гэрт сууж байлаа.* 3 ЭЗЭН, түүнтэй хамт байгааг мөн ЭЗЭН, түүний үйлдсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн үзэв. 4 Иосеф, эзнийхээ нүдэнд тааллыг олж, түүнд үйлчилсэн бөгөөд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон эзэмшиж байсан бүхнээ түүний гарт өгчээ. 5 Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулснаас хойш ЭЗЭН Иосефын төлөө египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл гэр болон тариалангийн талбай, түүнд байсан бүхэн дээр буув. 6 Тэрээр өөрт байсан бүхнээ Иосефын гарт даатгаад, идэх хоолноосоо өөр юунд ч санаа тавихаа больжээ.
Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа. 7 Үүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефт харц чулуудаж
—Надтай унтаач гэж хэлэв. 8 Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт
—Харагтун, миний эзэн гэрийн доторх юунд ч санаа тавьдаггүй бөгөөд өөрийн эзэмшдэг бүхнээ миний гарт өгсөн учир 9 энэ гэрт надаас илүү мэдэлтэй хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв. 10 Тэр эмэгтэй өдөр бүр Иосефыг ятгасаар байсан боловч тэрээр өөртэйгөө унт гэснийг нь ч, хамт бай гэснийг нь ч сонссонгүй.
11 Нэгэн өдөр Иосефыг ажлаа хийхээр гэрт ороход гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй. 12 Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж
—Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав.
13 Иосеф түүний гарт хувцсаа хаян зугтаж гарахыг хараад 14 тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан тэдэнд
—Хараач, эзэн маань манайд еврей хүн авчирч түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над дээр орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан. 15 Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод хувцсаа миний дэргэд орхин гадагш зугтаж гарлаа гэв. 16 Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв. 17 Тэгээд тэр түүнд нөгөө үгээ хэлж
—Таны манайд авчирсан еврей боол намайг доромжлохоор над дээр орж ирээд, 18 намайг чанга дуугаар хашхирахад тэрээр хувцсаа миний дэргэд орхиод, гадагш зугтаж гарсан гэв.
19 Эзэн нь “Чиний боол надад ийм юм хийлээ” гэж хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод уур нь шатжээ. 20 Тэгээд Иосефын эзэн түүнийг барьж, хааны хоригдлуудыг хорьдог шоронд хорив. Иосеф шоронд хоригдож байсан ч 21 ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд энэрэл хайр үнэнээр хандаж, тэрээр шоронгийн харгалзагчийн нүдэнд тааллыг олжээ.* 22 Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Иосефын гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Иосеф хариуцлагатай байв. 23 Шоронгийн харгалзагч нь Иосефын гар дор байсан зүйлийн өчүүхнийг нь ч хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.
- 39:2 Үйл 7:9
- 39:21 Үйл 7:9