Тола Иаир нар

10 1 Абимелехаас хойш Израилыг аврахаар иссахар хүн, Додогийн хүү Пуагийн хөвгүүн Тола босов. Тэрээр Ефраимын уулархаг нутагт байдаг Шамирт амьдардаг байв. 2 Түүнийг хорин гурван жилийн турш Израилыг шүүгээд нас эцэслэхэд нь Шамирт оршуулав.
3 Түүний дараа гилеад хүн Иаир босож, Израилыг хорин хоёр жил шүүв. 4 Тэр гучин хөвгүүнтэй байсан ба тэд гучин илжиг унадаг байлаа. Тэр гучин хүү нь Гилеадын нутагт гучин хоттой байсан нь энэ өдрийг хүртэл Хаввот-Иаир хэмээн нэрлэгддэг. 5 Иаир нас эцэслэж, Камонд оршуулагдав.

Аммончуудын дарлал

6 Дараа нь Израилын хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр, Баалууд ба Ашторэт, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг хаяж, Түүнд эс үйлчлэв. 7 ЭЗЭНий уур хилэн Израилын эсрэг шатаж, Тэр тэднийг филистчүүдийн гарт болон Аммоны хөвгүүдийн гарт оруулав. 8 Тэд Израилын хөвгүүдийг тэр жил дарлан зовоож, Йорданы тэртээх аморичуудын нутаг Гилеадад байсан Израилын хамаг хөвгүүдийг арван найман жилийн турш дарлав. 9 Иуда, Бениамины ба Ефраимын гэрийнхэнтэй дайтахаар Аммоны хөвгүүд бас Йорданыг гаталсан агаад Израил маш ихээр дарлагдав.
10 Тэгээд Израилын хөвгүүд ЭЗЭНд гуйж хашхиран
—Бид өөрсдийн Бурханыг хаяж, Баалуудад үйлчилж бас Танд нүгэл үйлдсэн билээ гэв. 11 ЭЗЭН, Израилын хөвгүүдэд “Та нарыг египетчүүдээс, аморичуудаас, Аммоны хөвгүүдээс мөн филистчүүдээс Би аварсан бус уу? 12 Мөн сидон, амалек ба маончууд та нарыг дарангуйлахад та нар Над руу гуйж хашхирсанд Би та нарыг тэдний гараас аварсан. 13 Гэсэн ч та нар Намайг хаяж орхиод өөр бурхдад үйлчилсэн. Иймд Би та нарыг цаашдаа аврахгүй. 14 Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхир. Зовлон шаналангийн цагт чинь тэд та нарыг авраг” гэв. 15 Израилын хөвгүүд ЭЗЭНд хандан
—Бид нүглийг үйлдэв. Мэлмийд тань юу тааламжтай гэснээ бидэнд үйлдэгтүн. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа. 16 Тэгээд тэд өөрсдийн дундаас харийн бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчилсэнд Тэрээр Израилын зовлонг харж тэсэхгүй болов.
17 Тэр үед Аммоны хөвгүүд хамтдаа дуудагдан Гилеадад хуарагнав. Мөн Израилын хөвгүүд нэгдэн цугларч Мизпад хуарагнан буув. 18 Ард түмэн, Гилеадын жанжид бие биедээ
—Аммоны хөвгүүдийн эсрэг эхлэн тулалдах хүн хэн юм бол доо? Тэр нь Гилеадын хамаг оршин суугчдын тэргүүн болно гэцгээв.