Бениаминчууд мөхлөөс аврагдав
21 1 Тэгээд Израилын эрчүүд Мизпад “Бидний хэн нь ч охиноо бениамин хүнд эхнэр болгон өгөхгүй” хэмээн тангараглав. 2 Ард түмэн Бетелд ирж, тэнд Бурханы өмнө үдэш болтол суугаад, дуугаа өндөрсгөн гашуудан уйлалдав. 3 Тэд
—Израилын Бурхан, ЭЗЭН минь, яагаад Израилд энэ мэт хэрэг болж, өнөөдөр Израилаас нэгэн овог дутах болов оо? гэцгээв. 4 Дараа өдөр нь ард олон эртлэн босоод, тэнд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. 5 Тэгээд Израилын хөвгүүд
—Израилын бүх овгоос ЭЗЭН дээр чуулганд ирээгүй нь хэн бэ? хэмээцгээв. Учир нь Мизпад ЭЗЭНд хүрч ирээгүй хүний тухайд
—Тэр нь заавал алагдах болно хэмээн тэд хатуу тангараг тавьсан болой. 6 Израилын хөвгүүд өөрсдийн дүү Бениаминыг өрөвдөн
—Өнөөдөр Израилаас нэг бүтэн овог таслагдав. 7 Тэдний үлдсэн хүмүүст эхнэр олоход нь бид хэрхэн дэмжиж туслах вэ? Тэдэнд бидний хэн ч охиноо эхнэр болгон өгөхгүй гэж бид өөрсдөө ЭЗЭНд тангарагласан шүү дээ гэцгээв.
8 Тэд
—Израилын овгууд дотроос хаанахын хэн нь Мизпад ЭЗЭН дээр хүрч ирсэнгүй вэ? гэжээ. Харагтун, Иабеш-Гилеадаас нэг ч хүн хуаран дахь чуулганд ирээгүй байв. 9 Учир нь ард түмнийг тоолсонд, харагтун, Иабеш-Гилеадын оршин суугчдаас нэг нь ч тэнд байсангүй. 10 Тиймээс хотол түмэн эрэлхэг дайчдаас арван хоёр мянган хүнийг тийш нь илгээж, тэдэнд
—Яваад, Иабеш-Гилеадын оршин суугчдыг эмэгтэйчүүд ба хүүхдүүдтэй нь хамт илдний ирээр цавчигтун хэмээн тушаав. 11 Энэ бол та нарын хийх зүйл билээ. Бүх эрчүүдийг нь болон эрэгтэй хүнтэй хавьтсан эмэгтэй болгоныг бүрэн устгагтун гэж тушаав. 12 Тэд Иабеш-Гилеадын оршин суугчдын дундаас эр хүнтэй хавьтаж үзээгүй дөрвөн зуун онгон охидыг олж, тэднийг Канаан газарт байдаг Шилогийн хуаран руу авч ирэв.
13 Тэгээд даяар хотол түмэн Риммоны хаданд байгаа Бениамины хөвгүүд рүү үг илгээж, тэдэнд эвлэрлийг тунхаглав. 14 Ингээд Бениамин тэр цагт буцаж ирцгээв. Израилчууд тэдэнд Иабеш-Гилеадын эмэгтэйчүүдээс тэдний амьд үлдээсэн бүсгүйчүүдийг тэдэнд өгсөн боловч тэдэнд хүрэлцсэнгүй. 15 ЭЗЭН, Израилын овгуудын дунд цоорхой гаргасан тул ард түмэн Бениаминыг өрөвдөв.
16 Хотол түмний ахмадууд
—Бениамины эмэгтэйчүүд устгагдсан хойно үлдсэн хүмүүсийг нь эхнэртэй болгохын тулд бид юу хийвэл зохих вэ? гээд
— 17 Энэ овог Израилаас арчигдан устгагдахгүйн тулд Бениамины амьд үлдэгсдэд залгамжлагчид байх ёстой. 18 Гэвч бид өөрсдийн охидоо тэдэнд эхнэр болгон өгч чадахгүй гэв. Учир нь Израилын хөвгүүд тангараг тавин
—Бениаминд эхнэр өгсөн хүн нь хараагдах болтугай гэсэн билээ. 19 Тэгээд тэд
—Харагтун, Бетелээс хойд зүгт, Бетелээс Шехем ордог замын наран ургах талд буюу Лебонагийн өмнөдөд байдаг Шило хотод жил бүр ЭЗЭНий баяр болдог гэв. 20 Тэд Бениамины хөвгүүдэд тушааж
—Явж, усан үзмийн талбайд нуугдан хүлээгтүн. 21 Үзэгтүн, хэрэв та нарыг харж байхад Шилогийн охид бүжиглэхээр гарч ирвэл та нар усан үзмийн талбайгаасаа гарч ирэн хүн бүр Шилогийн охидоос өөрийн эхнэрээ сонгон барьж, Бениамин нутагтаа буцагтун. 22 Охидын эцгүүд, эсвэл ах нар нь ирж, бидэндa гомдол мэдүүлбэл бид тэдэнд “Тэднийг энэрэгтүн. Бидний хэн нь ч дайны үед эхнэр аваагүй. Та нар ч охидоо тэдэнд өөрсдөө өгөөгүй учраас та нар одоо буруутахгүй” хэмээн хэлнэ гэв. 23 Ингээд Бениамины хөвгүүд тийнхүү үйлдэв. Тэдний булаасан бүжиглэгчид буюу барьсан болгон эхнэр нь болов. Тэд өөрсдийн өв болох нутагтаа буцаж ирээд, хотуудаа сэргээн босгож тэндээ суурьшив. 24 Тэр үед Израилын хөвгүүд тэндээс тус тусын овог болон ураг руугаа явцгаав. Ингээд хүн бүр тэндээсээ өөрсдийн өв болох газар луугаа одоцгоов.
25 Тэр өдрүүдэд Израилд хаан гэж байсангүй. Хүн бүр өөр өөрийн нүдэнд зөв зүйтэй гэснээ үйлдэж байлаа.*
- a21:22 ЭЗО: чамд
- 21:25 Шүү 17:6