Овгууд бениаминчуудыг дайрав
20 1 Дараа нь бүх Израилын хөвгүүд ирцгээн Гилеадын нутгийг хамруулан Данаас Беершеба хүртэлх ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав. 2 Бүх ард түмний удирдагчид Бурханы ард түмний хотол түмэн болох Израилын бүх овгууд илд агссан дөрвөн зуун мянган явган хүн чуулав. 3 Израилын хөвгүүд Мизпад хүрч ирснийг Бениамины хөвгүүд сонсов. Израилын хөвгүүд
—Энэ бузар хэрэг хэрхэн болсныг бидэнд өчигтүн гэв. 4 Алагдсан эмэгтэйн нөхөр леви хүн хариулан
—Би татвар эмийнхээ хамт Бениаминд харьяалагддаг Гибеад шөнийг өнгөрөөхөөр ирсэн билээ. 5 Гэтэл Гибеагийн эрчүүд миний эсрэг босоцгоож, надаас болж шөнөөр байшинг тойрон хүрээлсэн билээ. Тэд намайг алахыг санаархсан ба миний татвар эмийг хүчирхийлсэнд тэр үхсэн. 6 Би татвар эмээ авч, түүнийг хэсэглэн хуваагаад, Израилын өв болох бүх газруудаар илгээв. Учир нь бениаминчууд Израилд ийм гутамшигт булай хэргийг үйлдсэн юм. 7 Үзэгтүн, Израилын хөвгүүд та нар одоо бүгдээрээ хамт байна. Энд санаа бодлоо хэлж, зөвлөлд гэв.
8 Тэгтэл ард түмэн нэг хүн мэт босож
—Бидний нэг нь ч майхан руугаа явахгүй, хэн ч замаасаа хэлбийж гэр өөдөө буцахгүй. 9 Харин одоо Гибеадa бидний хийх зүйл гэвэл, шодоход буусны дагуу бид мордъё. 10 Бениамины Гибеад очиж, Израилд үйлдсэн тэдний бүх гутамшигт хэрэгт тохирсон арга хэмжээ авах ард түмний хүнсийг авчруулахаар зуун хүнээс арван хүнийг, мянган хүнээс зуун хүнийг, арван мянган хүнээс мянган хүнийг бид Израилын бүх овгоос авна. 11 Ийнхүү Израилын хамаг эрчүүд бүгд нэг хүн мэт нэгдэн тэр хотын эсрэг чуулав.
12 Израилын овгууд Бениамин овог даяар эрчүүдийг илгээн
—Та нарын дунд болсон гэмт хэрэг чинь юу гээч вэ? 13 Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг гаргаж өгөгтүн. Бид тэднийг алж, Израилаас энэ бузрыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилын хөвгүүдийг сонсохыг хүссэнгүй. 14 Израилын хөвгүүдийн эсрэг дайтахаар Бениамины хөвгүүд хот бүрээс Гибеад цугларав. 15 Тэр өдөр хот бүрээс цугларсан Бениамины хөвгүүдийг тоолоход Гибеагийн оршин суугчид болох шилдэг долоон зуун эрчүүдээс гадна хорин зургаан мянган илд агссан хүн байсан билээ. 16 Эдгээр бүх хүний дотор солгой гартай шилдэг долоон зуунb хүн байлаа. Эд бүгд чулуугаар байгаа алдалгүй онч сайтай дүүгүүрддэг байв. 17 Бениаминаас гадна Израилын эрсийг тоолоход, илд агссан дөрвөн зуун мянган хүн байсан бөгөөд тэд бүгд дайчин эрс байв.
18 Израилын хөвгүүд босон, Бетелд очиж Бурханаас асуув.
—Израилын хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд
—Иуда түрүүнд гэж ЭЗЭН айлдав.
19 Ингээд Израилын хөвгүүд өглөө босож, Гибеагийн эсрэг хуарагнан буув. 20 Израилын эрс Бениамины эсрэг тэмцэлд одож, Гибеад тэдний эсрэг тулалдаанд орохоор байрлалаа эзлэв. 21 Тэгэхэд Бениамины хөвгүүд Гибеагаас гарч ирэн, тэр өдөртөө Израилын хорин хоёр мянган эрсийг газар унагав. 22 Харин Израилын эрчүүд болох ард олон өөрсдийгөө зоригжуулан, эхний өдөр байрлалаа эзэлсэн газартаа дахин тулалдаанд орохоор байрлалаа эзлэв. 23 Израилын хөвгүүд өгсөж очоод, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдав. Тэд ЭЗЭНээс
—Миний дүү Бениамины хөвгүүдтэй тэмцэлдэхээр би дахин давших уу гэж асуув. ЭЗЭН
—Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.
24 Тэгээд хоёр дахь өдөр нь Израилын хөвгүүд Бениамины хөвгүүдэд ойртон ирэв. 25 Бениамин ч хоёр дахь өдрөө тэдний өөдөөс Гибеагаас гарч ирээд, Израилын хөвгүүдээс дахин арван найман мянган хүнийг газар дэрлүүлэв. Тэд илд агссан байлаа. 26 Тэгэхэд Израилын бүх хөвгүүд, бүх ард түмэн өгсөн явж Бетелд ирэв. Тэд уйлалдан ЭЗЭНий өмнө тэндээ сууцгаан үдэш хүртэл мацаг барилаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. 27 Израилын хөвгүүд ЭЗЭНээс гуйв. Тэр өдрүүдэд Бурханы гэрээний авдар Бетелд байв. 28 Мөн тэр өдрүүдэд Аароны хөвгүүн болох Елеазарын хөвгүүн Финехас авдрын өмнө үйлчилж байв. Тэд
—Би өөрийн дүү Бениаминтай дахин тэмцэлдэхээр мордох уу эсвэл болих уу гэсэнд ЭЗЭН
—Дайрагтун. Маргааш Би тэднийг та нарын гарт өгөх болно гэж айлдав.
29 Тэгээд Израил Гибеаг тойруулан отогчдыг тавив. 30 Гурав дахь өдөр нь Израилын хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг хөдлөн өмнөхийн адил Гибеагийн харалдаа байрлалаа эзлэв. 31 Бениамины хөвгүүд ард түмний эсрэг гарч ирж, хотоос таслагдав. Тэд өмнөхийн адил ард олноос заримыг нь алж эхлэн тэдний нэг хэсэг нь Бетел рүү, нөгөө хэсэг нь Гибеа руу хүрэх замд задгай талд Израилын гучаад хүнийг устгав. 32 Бениамины хөвгүүд
—Тэд анхных шигээ бидний өмнө цохигдлоо гэлцэв. Харин Израилын хөвгүүд
—Тэднийг хотоос холдуулан зам руу гаргахын тулд зугтацгаая гэцгээж байлаа. 33 Тэгэхэд Израилын эрчүүд байсан газраасаа хөдөлж, Баал-Тамарт байрлалаа эзэлцгээв. Израилын отогчид ч Гебагийн баруун задгай дахь нуувчаасаа гарч ирэв. 34 Бүх Израилаас шилэгдсэн арван мянган эрс Гибеагийн эсрэг тулж ирсэн ба тулалдаан хүнд байлаа. Тэдэнд гай нүүрлэснийг харин тэд мэдсэнгүй. 35 ЭЗЭН, Израилын өмнө Бениаминыг цохисонд тэр өдөр Израилын хөвгүүд Бениамины илд агссан хорин таван мянга нэг зуун хүнийг цохиж унагав. 36 Ингэж Бениамины хөвгүүд дийлдсэнээ мэдэв. Гибеад отогчдын хүчээ зузаатгасандаа найдаж байсан учраас Израилын эрс Бениаминд зай тавьж өгөхөд, 37 отогчид яаравчлан Гибеаг довтлов. Отогчид цөмрөн ороод хотыг бүхэлд нь илдний ирээр цавчив. 38 Израил эрчүүд хотоос өтгөн үүл мэт утаа гаргаарай гэж отогчидтой тохирсон байв. 39 Израилын эрчүүд тулалдаанаас буцахад, Израилын эрчүүдээс гучаад хүнийг Бениамин цохин алаад, урьдын тулааных шиг бидний өмнө тэд бүрмөсөн цохиуллаа хэмээн хэлэлцэж байх үед 40 хотоос утаан багана мэт үүл олгойдон гарч эхлэв. Бениамин эргэн хартал, үзэгтүн, хот бүхлээрээ тэнгэр өөд дүрэлзэн шатаж байлаа. 41 Израилын эрчүүд эргэж дайрсанд, өөрсдөд нь гай нүүрлэж буйг Бениамин эрчүүд хараад сандран тэвдэцгээв. 42 Тэд Израилын эрчүүдээс эргэн цөлийн замаар зугтахад нэг талаас тэд араас нь нэхэн тулалдаж, нөгөө талаас нь хотоос гарч ирэгсэд бас дайран тэднийг дундаа оруулан устгав. 43 Тэд Бениаминыг бүслэн тэднийг амсхийлгэлгүй нэхэж, Гибеагийн зэргэлдээ наран ургах зүгт гүйцэв.c 44 Ингэж Бениамины арван найман мянган эрс алагдлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байжээ. 45 Үлдэгсэд нь эргэж, цөл тийш Риммоны хад руу зугтаасан боловч израилчууд зам дээр тэднээс таван мянгыг нь барьж аваад, үлдсэнийг нь Гидом хүртэл нэхэн хөөж, тэднээс хоёр мянган хүнийг алав. 46 Тэр өдөр Бениаминаас алагдсан бүх хүн сэлэм агссан хорин таван мянган эрс байлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байв. 47 Харин зургаан зуун хүн эргэн, цөл тийш Риммоны хад руу зугтаан, тэд Риммоны хаданд дөрвөн сар байв. 48 Тэгэхэд Израилын эрчүүд Бениамины хөвгүүд рүү буцан очиж, тэднийг болон хот доторх тэндхийн хүн, мал, тааралдсан хамаг юмсыг нь илдний ирээр цохив. Тэд мөн тааралдсан бүх хотоо галдан шатаав.
- a20:9 ЭЗО: Гибеаг довтлоход
- b20:15–16 ЭЗО: эрчүүд байлаа.
- c20:43 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.