Дуулгаваргүй израилчууд
2 1 ЭЗЭНий тэнгэрэлч Гилгалаас Бохимд ирж
—Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ “Би та нартай байгуулсан гэрээгээ үүрд үл цуцална. 2 Харин та нар энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвдэн нураа” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ?* 3 Тиймээс Би “Би тэднийг та нарын өмнөөс хөөхгүй, харин тэд сундууa мэтb хажуугаас чинь хатгаж, тэдний бурхад та нарт урхи болно” гэж айлдлаа гэв. 4 ЭЗЭНий тэнгэрэлч эдгээр үгсийг Израилын бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав. 5 Тиймээс тэд тэр газарт Бохимc гэдэг нэр өгөөд тэнд ЭЗЭНд тахил өргөжээ.
Иошуа өөд болсон нь
6 Иошуа ард олныг тараахад Израилын хөвгүүд тус тусын өвлөн авах газраа эзэмшихээр явцгаав. 7 Иошуаг амьд сэрүүн байхад ард олон ЭЗЭНд үйлчлэв. Мөн Израилд үйлдсэн ЭЗЭНий бүх аугаа үйлсийг харсан ба Иошуагаас урт насалсан ахмадуудыг амьд сэрүүн үед ч гэсэн ард олон ЭЗЭНд үйлчлэв. 8 ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа зуун арван насандаа өөд болов. 9 Хүмүүс түүнийг Гааш уулын хойно байдаг Ефраимын уулархаг нутаг дахь түүний өвлөн авсан хот Тимнат-Херест оршуулав.* 10 Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөдтэйгөө нэгдэхэд, ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилын төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарчээ.
Израилчууд итгэл эвдэв
11 Израилын хөвгүүд Баалуудад үйлчлэн ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. 12 Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэдний эргэн тойронд байгаа ард түмний бурхдыг даган тэдэнд мөргөж ЭЗЭНийг хилэгнүүлэв. 13 Ийнхүү тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Ашторэтод үйлчилжээ. 14 ЭЗЭНий уур хилэн Израилын эсрэг шатаж, Тэрээр тэднийг тонуулчдын гарт өгч тонуулав. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь эргэн тойронд нь байгаа дайснуудынх нь гарт Тэрээр тэднийг тушаажээ. 15 ЭЗЭНий айлдсан ёсоор, басхүү ЭЗЭН Өөрөө тэдэнд тангарагласан ёсоор тэд хаана ч очсон, ЭЗЭНий мутар тэдэнд гай гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав.
16 Тиймээс ЭЗЭН шүүгчдийг босгож тэднийг тонуулчдын гараас аварч байсан юм. 17 Гэсэн ч тэд шүүгчдээ бас л сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж тэдэнд мөргөсөн агаад ЭЗЭНий тушаалыг дагаж явсан эцэг өвгөдийнхөө замаас тэд даруй гажиж эргэж байв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй. 18 ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй ЭЗЭН Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аварч байлаа. Учир нь тэднийг дарангуйлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдсөн билээ. 19 Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэж буцан, өөр бурхдыг дагаж, тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү бузрыг үйлддэг байв. Тэд өөрсдийн бузар үйлс, зөрүүд явдлаа орхисонгүй. 20 Тиймээс ЭЗЭНий хилэн Израилын эсрэг шатаж, Тэр айлдахдаа
—Эцэг өвгөдөд нь Миний тушаасан гэрээг энэ үндэстэн зөрчиж, Миний дуу хоолойд дуулгаваргүй хандлаа. 21 Тиймд Иошуа өөд болохдоо үлдээсэн улс үндэстний нэгийг нь ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй. 22 Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар замнах нь уу, үгүй юү хэмээн Израилын ард түмнийг шалган сорихын тулд Би ингэх болно гэв. 23 Иймд ЭЗЭН тэдгээр үндэстнийг тэр даруйд хөөлгүй үлдээсэн ба Тэр тэднийг Иошуагийн гарт тушаагаагүй билээ.
- 2:2 Гэт 34:12–13; Дх 7:2–5
- a2:3 сундуу: Зүү мэт өргөстэй нэгэн зүйл мод
- b2:3 ЭЗО: дайсан мэт
- c2:5 Бохим: евр. “уйлагсад” гэсэн утгатай.
- 2:9 Иош 19:49–50