Гидеоны ялалт ба хонзон

8 1 Тэр цагт Ефраимын эрчүүд Гидеонд
—Та бидэнд яагаад ийн хандаж, мидианчуудын эсрэг тулалдахаар хөдлөхдөө биднийг дуудсангүй вэ? гээд түүнийг хатуу зэмлэв. 2 Харин Гидеон тэдэнд
—Та нартай харьцуулахаар миний үйлдсэн зүйл юу байх вэ? Абиезрийн усан үзмийн ургацаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу? 3 Бурхан, та нарын гарт Мидианы ноёд Ореб, Зееб нарыг тушаав. Та нартай харьцуулчихаар юуг би хийсэн юм бэ? хэмээн Гидеоныг өчихөд тэдний уур хилэн намдав.*
4 Тэндээс Гидеон гурван зуун эрийнхээ хамт Йордан голд ирж, гатлав. Тэд туйлдсан боловч мөрдсөөр байлаа. 5 Тэгээд тэрээр Суккотын хүмүүст
—Би Мидианы хаад Зеба Залмунна нарыг нэхэж явна. Намайг дагалдан яваа хүмүүс ядарч эцсэн тул тэдэнд талх хайрлаач гэсэнд 6 Суккотын ноёд
—Зеба, Залмунна нар аль хэдийн та нарын гарт орчихсон болоод танай цэргүүдэд бид талх өгөх болж байна уу? гэв. 7 Тэгэхэд Гидеон
—За тэгвэл ЭЗЭН, миний гарт Зеба, Залмунна нарыг тушаах цагт би цөлийн сундуу, өргөст халгайгаар та нарын махыг урна даа гэв. 8 Гидеон тэндээс Пенуел руу очин, дээрхийн адил гуйж хэлэхэд Пенуелийн хүмүүс түүнд Суккотын хүмүүсийн адил хариулав. 9 Тиймээс тэр мөн пенуелчүүдэд хандан
—Би эсэн мэнд буцаж ирэхээрээ энэ цамхгийг чинь эвдэн нураана гэв.
10 Зеба, Залмунна нар Каркорт байв. Дорнын хөвгүүдийн нийт цэргээс амьд үлдсэн, бүгд арван таван мянга орчим хүнтэй цэрэг нь тэдэнтэй хамт хуарагнаж байлаа. Юу гэвэл илд агссан зуун хорин мянган хүн алагдсан байв. 11 Гидеон, Ноба ба Иогбехагийн зүүн талд майхнуудад суугч хүмүүсийн замыг даган өгсөж очоод, сэжиг аваагүй байхад нь хуаранг цохиход 12 Зеба, Залмунна нар зугтав. Тэгэхэд нь Гидеон тэдний араас нэхэн Мидианы хоёр хаан Зеба, Залмуна нарыг олзлоод цэргийн хуаранг нь түйвээв.
13 Ингээд Иоашийн хөвгүүн Гидеон тулалдаанаас буцан Хересийн өндөрлөгөөс бууж иржээ. 14 Тэгээд Суккотынхноос нэгэн залууг олзлоод байцаав. Тэр залуу Суккотын ноёд болон ахлагчид болох далан долоон хүний нэрийг Гидеонд бичиж өгөв. 15 Гидеон Суккотын хүмүүс дээр ирж
—Зеба, Залмунна нар аль хэдийн та нарын гарт орчихсон болоод эцэж ядарсан та нарт бид талх өгөх ёстой гэж үү? хэмээн та нар намайг элэглэж байсан. Зеба, Залмунна нарыг харагтун гэв. 16 Тэрээр хотын ахлагчдыг барьж, цөлийн сундуу ба өргөст халгайгаар суккотчуудыг гэсгээв. 17 Мөн Пенуелийн цамхгийг нураан, хотын хүмүүсийг нь алав.
18 Дараа нь Зеба Залмунна нараас
—Таборт та нарын алсан хүмүүс ямаршуу төрхийн хүмүүс байсан бэ? гэж Гидеон асуусанд
—Тэд тантай адил бүгд л хан хөвгүүний дүртэй байсан гэв. 19 Гидеон
—Тэд миний ах дүү нар, миний эхийн хөвгүүд байсан юм. ЭЗЭН амьд! Хэрэв та нар тэднийг амьд үлдээсэн бол би та нарыг алахгүй байхсан гэж өгүүлээд, 20 өөрийн ууган хөвгүүн Иетерт
—Бос, тэднийг алагтун хэмээн тушаасан боловч залуу хөвгүүн илдээ сугалсангүй. Учир нь тэр нас залуу тул айв. 21 Тэгэхэд Зеба, Залмунна нар
—Та өөрөө босож биднийг хөнөөгтүн. Хүн хүний зориг ялгаатай гэхэд Гидеон босож, Зеба Залмунна нарыг алаад, тэдний тэмээнүүдийн хүзүүнд байсан хавирган саран чимгийг мултлан авав.

Гидеоны шүтээн

22 Тэгээд Израилын эрчүүд Гидеонд
—Та биднийг Мидианы савраас аварсан тул та, таны хөвгүүд төдийгүй таны ач нар биднийг захираг гэв. 23 Гэвч Гидеон тэдэнд
—Би та нарыг захирахгүй. Миний хөвгүүн ч та нарыг захирахгүй. ЭЗЭН та нарыг захирна гэв. 24 Тэгээд Гидеон тэднээс
—Та нараас нэгэн зүйлийг хүсье. Хүн бүр өөрийн олз омгоосоо ээмгүүдийг авч надад өгөгтүн гэв. (Алагдсан хүмүүс нь ишмаел хүмүүс байсан тул алтан ээмэг зүүдэг байв.) 25 Тэд
—Бид дуртайяа өгнө гэж өгүүлээд нэгэн дээлийг газар дэлгэж хүн бүр олзны юмнаасаа нэг нэг ээмэг дээр нь хаяв. 26 Гидеоны хүсэмжилсэн алтан ээмэгний жин мянга долоон зуун шекел алт болов. Түүнээс гадна хавирган сар хэлбэртэй чимэг болон унждаг чимэг, Мидианы хаадын өмсөж байсан нил ягаан нөмрөг хийгээд тэдний тэмээнүүдийн хүзүүний зүүлт чимэг мэтчилэн байв. 27 Гидеон тэдгээрээр нэгэн ефод урлаж, төрөлх хот Офрад тавив. Бүх израилчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхарцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.
28 Ингээд Израилын хөвгүүдийн өмнө Мидиан номхорсон бөгөөд тэд дахин толгойгоо өндийлгөсөнгүй. Энэ нутаг Гидеоны үед дөчин жилийн турш амар тайван байв.

Гидеоны үхэл

29 Ингээд Иоашийн хөвгүүн Иеруббаал буцаж, өөрийн гэрт амьдрав. 30 Гидеон олон эхнэртэй байсан тул тэр далан хүүтэй байлаа. 31 Шехемд байсан татвар эм нь түүнд бас нэгэн хөвгүүнийг төрүүлж өгсөнд тэр түүнд Абимелех гэдэг нэр өгөв. 32 Иоашийн хөвгүүн Гидеон өндөр насыг наслан өөд болсон бөгөөд эцэг Иоашийнх нь булшинд буюу абиезричуудын Офрад түүнийг оршуулжээ.
33 Гидеоныг нас эцэслэсний дараахан Израилын хөвгүүд нүүр буруулан дахин Баалуудыг шүтэн завхайрч, Баал-Беритийг өөрсдийн бурхан болгов. 34 Ийнхүү эргэн тойрон дахь дайснуудынх нь савраас өөрсдийг нь чөлөөлөн аварсан өөрсдийн Бурхан ЭЗЭНийг Израилын хөвгүүд умартав. 35 Иеруббаалын (буюу Гидеоны) Израилд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь хариуд түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.


  • 8:3–5 Дуу 83:11