Дебора Барак нар
4 1 Ехүдийг өөд болсны дараа Израилын хөвгүүд ЭЗЭНий мэлмийд үргэлжлүүлэн ёрын мууг үйлдэв. 2 Тиймээс ЭЗЭН, Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тэднийг тушаав. Иабины цэргийн жанжин нь Сисера бөгөөд тэр Харошет-Хагоимд амьдран суудаг байлаа. 3 Тэр есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилын хөвгүүдийг харгислан дарангуйлж байсан тул Израилын хөвгүүд ЭЗЭНээс тусламж эрж хашхиран гуйв.
4 Тэр үед Лаппидотын эхнэр, эш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилыг шүүж байлаа. 5 Тэр эмэгтэй Ефраимын уулан дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор амьдран суудаг байв. Израилын хөвгүүд хэрэг явдлаа шүүлгэхээр түүн дээр өгсөж ирдэг байлаа. 6 Тэрээр Кедеш-Нафталд буй Абиноамын хөвгүүн Баракт элч илгээж дуудуулав. Тэгээд тэр түүнд
—Израилын Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрийг дагуул. 7 Би Иабины цэргийн жанжин Сисераг тэрэгт цэрэгтэй нь болон олон цэрэгтэй нь хамт Кишоны зүг та нар луу явуулж, та нарын гарт өгнө” гэсэн хэмээв. 8 Тэгтэл Барак түүнд
—Хэрэв чи надтай хамт явбал би явна. Харин чи надтай хамт явахгүй бол би явахгүй гэв. 9 Харин Дебора
—Би чамтай хамт дуртайяа явна. Харин ЭЗЭН, Сисераг нэгэн эмэгтэйн гарт тушаах учир чиний явах аянд алдар хүнд нь чамд ногдохгүй гэв. Ингээд Дебора босож, Барактай хамт Кедеш рүү явжээ. 10 Барак Зебулун ба Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрийг дагуулан явсан бөгөөд Дебора ч түүний хамт явав.
11 Тэр үед кен хүн Хебер нь Мосегийн хадам эцэг Хобабын үр удам болох кенчүүдээс салж, Кедешийн ойролцоох Заананним дахь царсан ой хүртэл майхнаа босгов.
12 Абиноамын хөвгүүн Барак Табор ууланд гарсныг Сисерад мэдэгдсэнд 13 Сисера есөн зуун төмөр тэргээ мөн өөртэй нь хамт байсан бүх хүнээ Харошет-Хагоимаас Кишоны хөндийд дуудан цуглуулжээ. 14 Дебора, Баракт хандан
—Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгсөн билээ. ЭЗЭН Өөрөө чиний өмнө явна гэв. Ингээд Барак арван мянган эрийг дагуулан Табор уулаас буулаа. 15 ЭЗЭН, Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэгт цэрэг, цэргүүдийг илдний ирээр хядсанд Сисера тэргээ хаян явган зугтаж одлоо. 16 Харин Барак тэрэг ба цэргүүдийг нь Харошет-Хагоим хүртэл мөшгөн хөөв. Сисерагийн цэргүүд нэг нь ч үлдэлгүй бүгд илдний ирэнд унацгаав.
17 Тэгтэл Сисера, кен хүн Хеберийн эхнэр Иаелын майхан руу явган зугтаж очлоо. Учир нь Хазорын хаан Иабин болон кен хүн Хеберийн гэрийнхэн хоорондоо эв найртай байжээ. 18 Иаел Сисераг угтан гарч ирээд, түүнд
—Орж хайрла, эзэнтэн минь. Манайд орж хайрла. Бүү эмээгтүн гэв. Сисера түүний майханд орсонд Иаел түүнийг хөнжлөөрa хучив. 19 Сисера түүнд
—Уух жаахан ус өгөөч. Би цангаж байна гэсэнд Иаел сүүтэй арьсан тулмыг онгойлгож түүнд уулгаад, түүнийг дахин хучив. 20 Сисера түүнд
—Чи майхны үүдэнд зогсоод, хэрэв хэн нэгэн нь ирж “Энд хүн байна уу?” гэж чамаас асуувал “Байхгүй” гэж хэлээрэй гэв. 21 Сисера ядарснаас гүн нойронд автахад Хеберийн эхнэр Иаел майхны гадас авч гартаа алх барин сэмхэн түүнд ойртож очоод чамархай руу нь гадсаа шааж газартай зоов. Ингээд Сисера үхэв. 22 Тэгтэл Барак, Сисераг мөшгөн хөөж ирэхэд Иаел түүнийг угтан гарч ирээд
—Нааш ир, таны хайж байгаа хүнийг би танд харуулъя гэв. Тэр майханд орсонд, харагтун, Сисера чамархайдаа майхны гадас зоолгоостой, үхсэн хэвтэж байлаа.
23 Ийнхүү Бурхан тэр өдөр израилчуудын өмнө Канааны хаан Иабиныг номхруулав. 24 Израилчууд улам хүчирхэг болсоор эцэст нь Канааны хаан Иабиныг устгав.
- a4:18 эсвэл хөшигний ард нуув эсвэл хивсээр хучив.