Израилын нутагт үлдсэн үндэстнүүд
3 1 Канаанд болсон дайн тулаан бүхнийг мэдэхгүй Израилд байгаа тэд бүгдийг шалган сорих гэж ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд энэ билээ. 2 (Энэ нь тэднийг огт мэдэхгүй Израилын хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдахыг зааж мэдүүлэхийн тулд билээ.) 3 Эдгээр нь Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-Хермоны уулаас Лебо-Хамат хүртэлх Ливаны ууланд нутаглаж байсан хивичүүд юм. 4 Эцэг өвгөдөд нь Мосегоор дамжуулан тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израилчууд сонсон дагах эсэхийг мэдэхийн тулд тэр хүмүүсээр Израилыг шалган сорьсон юм. 5 Израилын хөвгүүд канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын дунд амьдран сууж, 6 тэдний охидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад үйлчлэв.
Отниел
7 Израилын хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал болон Ашерагийн шонгуудад үйлчлэв. 8 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилын эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Кушан-Ришатаимын гарт тушаав. Израилын хөвгүүд найман жил Кушан-Ришатаимд зарцлагджээ. 9 Тэгээд Израилын хөвгүүд ЭЗЭНд тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН Израилын хөвгүүдэд тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан нь Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел байлаа. 10 ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэрээр Израилыг шүүв. Түүнийг дайнд мордоход Арамын хаан Кушан-Ришатаимыг ЭЗЭН түүний гарт өглөө. Отниелын гар хүчирхэгжин Кушан-Ришатаимын дээр буув. 11 Ийнхүү энэ газар нутаг дөчин жил амар жимэр байжээ. Тэгээд Кеназын хөвгүүн Отниел өөд болов.
Ехүд
12 Израилын хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр л байсан тул ЭЗЭН Израилын эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израилчууд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ. 13 Тэрээр Аммон болон Амалекийн хөвгүүдийг өөртөө нэгтгэн цуглуулж Израилыг довтлон цохиод Далдуу модны хотыг эзэмшилдээ авав. 14 Ингээд Израилын хөвгүүд Моабын хаан Еглонд арван найман жилийн турш зарцлагджээ.
15 Харин Израилын хөвгүүд ЭЗЭНд хандан хашхиран гуйсанд ЭЗЭН тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон нь бениамин хүн, Герагийн хөвгүүн болох солгой гарт Ехүд байлаа. Израилын хөвгүүд Моабын хаан Еглонд барих алба гувчуураа түүний гараар дамжуулан илгээжээ. 16 Ехүд өөртөө нэг тохой урт, хоёр талдаа иртэй илд хийж баруун ташаандаа бэхлэн хувцсаараа халхлав. 17 Тэгээд тэр Моабын хаан Еглон дээр очиж алба гувчуураа гардуулжээ. Еглон маш тарган хүн байлаа. 18 Тэр алба гувчуураа гардуулсны дараа алба гувчуурыг зөөж авчирсан хүмүүсийг явуулав. 19 Харин тэр өөрөө Гилгалд байсан шүтээний газраас буцаж тэнд очоод
—Хаантан, танд дуулгах нууц үг надад байна гэсэнд хаан
—Чимээгүй гэв. Хааны дэргэд зогсож байсан бүгд түүнийг орхин гарлаа. 20 Ингээд сэрүүн дээд лавриндаа ганцаар сууж үлдэхэд нь Ехүд дэргэд нь ирэв. Ехүд
—Танд дуулгах Бурханы үг надад байна гэв. Хааныг суудлаасаа өндиймөгц 21 Ехүд зүүн гараа сунгаж, баруун ташаанаасаа сэлмээ сугалаад хааны хэвлийд дүрэхэд 22 бариул нь ч хүртэл иртэйгээ хамт оржээ. Тэрээр сэлмээ хэвлийгээс нь сугалж аваагүй тул харвин нь сэлмийг хучаадa бохир нь гарч иржээ. 23 Тэгээд Ехүд уудам хонгил руу гарч, хааны байгаа дээд лаврингийн хаалгыг хааж түгжив. 24 Ехүдийг гарсны дараа хааны зарц нар ирэв. Дээд лаврингийн хаалга түгжээтэйг үзээд тэд
—Хаантан лав сэрүүн лавриндаа шилбээ далдалж суугааb байх гэцгээв. 25 Зарц нар нь аягүйцтэлээ хүлээгээд, хаан лаврингийнхаа хаалгыг онгойлголгүй удсан учраас түлхүүр авч нээв. Гэтэл тэдний эзэн үхчихсэн, шалан дээр хэвтэж байв.
26 Зарц нарыг тээнэгэлзэн байх зуур Ехүд зугтан, шүтээний газрыг өнгөрөн, Сеира руу зугтаж амжсан байлаа. 27 Ехүд тэнд хүрээд, Ефраимын ууланд бүрээ үлээв. Израилын хөвгүүд түүнтэй хамт уулаас бууж ирэхэд тэрээр тэднийг тэргүүлэв. 28 Тэр тэдэнд
—Өстөн дайсан моабчуудыг ЭЗЭН та нарын гарт өгсөн. Миний хойноос гэв. Ингээд тэд түүнийг даган доошоо бууж, Моаб руу хүрдэг Йорданы гармыг эзлэн авч, хэнийг ч гатлуулсангүй. 29 Тэр үед тэд арван мянга орчим эр зоригтой бөгөөд хүдэр чийрэг моабчуудыг алав. Тэднээс нэг нь ч мултран зугтаж чадсангүй. 30 Ингэж тэр өдөр Моаб израилчуудын нударга дор номхров. Ийнхүү энэ газар нутаг наян жилийн турш амар жимэр байлаа.
Шамгар
31 Ехүдийн дараа Израилыг дахин аварсан хүн бол үхрийн чичүүрээр зургаан зуун филист эрийг хядсан, Анатын хөвгүүн Шамгар байв.
- a3:22 эсвэл сэлэм нуруугаар нь гарчээ. Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
- b3:24 шилбэ далдалж суух: Бие засах гэсэн утгатай.