Арьсны хүнд өвчний талаар

13 1 Мосе Аарон нарт ЭЗЭН айлдахдаа
2 Хүний биеийн арьсан дээр гөвдрүү эсвэл яр эсвэл тод өнгөтэй толбо гарч энэ нь биеийнх нь арьсан дээр арьсны хүнд өвчин болбол түүнийг тахилч Ааронд эсвэл түүний тахилч хөвгүүдийн нэгэнд аваачна. 3 Биеийнх нь арьсан дээрх шархыг тахилч үзэж, хэрэв шархтай газар дээрх үс цайж, шарх биеийнх нь арьснаас гүн харагдах аваас энэ нь арьсны хүнд өвчний тэмдэг юм. Тахилч түүнийг үзээд, түүнийг бузартсан гэж тодорхойлно. 4 Хэрэв биеийнх нь арьсан дээрх тод толбо цагаан бөгөөд арьснаас гүн харагдахгүй, түүн дээрх үс цайгаагүй байвал шархтай хүнийг тахилч долоо хоногоор хөл хорих ёстой. 5 Долоо дахь өдөр тахилч түүнийг үзэх бөгөөд хэрэв түүний нүдэнд шарх хувираагүй, арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг дахин долоо хоногоор хөл хорих ёстой. 6 Тахилч түүнийг долоо дахь өдөр дахин үзэх бөгөөд хэрэв шарх бүдгэрч, арьсан дээгүүр тархаагүй байх аваас тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлох ёстой. Энэ нь шархны тав болой. Тэр хүн хувцсаа угаан цэвэр болно. 7 Харин цэвэр болж, биеэ тахилчид үзүүлсний дараа уг шархны тав арьсан дээгүүр цааш тархах аваас тэр хүн тахилчид дахин үзүүлэх ёстой. 8 Тахилчийн үзэх үед хэрэв уг шарх арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны хүнд өвчин болой.
9 Хэрэв хүн арьсны хүнд өвчтэй байвал түүнийг тахилч руу аваачна. 10 Тахилчийн үзэх үед арьсан дээрх гөвдрүү цагаан, үс нь цайрсан мөн гөвдрүүн дээр шархалсан мах байх аваас 11 түүний биеийн арьсан дээр арьсны архаг хүнд өвчин байна. Тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Бузартсан гэж тодорхойлсон тул түүнийг ажиглахаар хөл хорих шаардлагагүй. 12 Хэрэв арьсны хүнд өвчин арьсан дээгүүр тэлэн тэлсээр, шархтай хүний толгойноос авхуулан хөл хүртэл бүхэлд нь бүрхсэнийг тахилч харвал, 13 тахилч үүнийг сайтар үзнэ. Хэрэв уг арьсны хүнд өвчин түүний бүх бие махбодыг бүрхсэн байх аваас шархтай хүнийг цэвэр гэж тахилч тодорхойлно. Бүгд цайрч, тэрээр цэвэр болжээ. 14 Харин түүнд шархалсан мах гарч ирэх бүрд тэрээр бузартсан болно. 15 Тахилч уг шархалсан махыг үзэж, түүнийг бузартсан гэж тодорхойлно. Шархалсан мах бузар агаад энэ нь арьсны хүнд өвчин ажгуу. 16 Хэрэв уг шархалсан мах нь эргэж цайран өөрчлөгдөх аваас тэр хүн тахилчид очно. 17 Тахилч түүнийг сайтар үзэхэд шарх нь цайрсан байх аваас тахилч шархтай нэгнийг цэвэр гэж тодорхойлно. Тэрээр цэвэр байна.
18 Хэрэв биеийн арьсан дээр буглаат хатги гараад эдгэсэнд 19 буглаат хатгины ором дээр цагаан гөвдрүү эсвэл цайвар ягаан, тод өнгөтэй толбо байх аваас үүнийг тахилчид үзүүлэх ёстой. 20 Тахилч түүнийг сайтар үзээд энэ нь арьсны доод талд харагдан, дээрх үс нь цайсан бол тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь буглаат хатгины оромд гарсан арьсны хүнд өвчин юм. 21 Хэрэв тахилч түүнийг үзээд, түүн дээр ямар ч цагаан үс байхгүй бөгөөд тэр нь арьсан доор биш мөн бүдгэрсэн байвал тахилч түүнийг долоо хоногоор хөл хорино. 22 Харин энэ нь арьсан дээгүүр тэлэн тэлсээр байвал тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь шарх болой. 23 Харин тод толбо байрандаа үлдэн тархаагүй байвал энэ нь зөвхөн хатгины сорви бөгөөд тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно.
24 Хэрэв хэн нэгний бие махбод галд түлэгдэж, түлэнхийн шархан дээр тод цайвар ягаан эсвэл цагаан толбо байвал 25 тахилч түүнийг үзээд, хэрэв толбон дээрх үс нь цайсан ба тэр нь арьснаас гүн харагдах аваас энэ бол түлэгдэлт дээр гарсан арьсны хүнд өвчин болой. Тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны хүнд өвчний шарх мөн. 26 Хэрэв тахилч түүнийг үзэхэд толбон дээр ямар ч цагаан үс байхгүй, тэр нь арьснаас гүн биш, харин бүдгэрсэн байвал тахилч тэр хүнийг долоо хоногоор хөл хорино. 27 Тахилч түүнийг долоо дахь өдөр үзээд, тэр нь арьсан дээр цааш тархсаар байх аваас тахилч тэр хүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны хүнд өвчний шарх болой. 28 Харин толбо байрандаа үлдэн арьсан дээгүүр тархалгүй, бүдгэрсэн байх аваас энэ нь түлэгдэлтийн гөвдрүү болой. Энэ нь зөвхөн түлэгдлийн сорви учир тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно.
29 Хэрэв эр эсвэл эм хүн толгойдоо юм уу, шанаандаа яр шархтай байх аваас 30 тахилч уг үрэвслийг үзээд, тэр нь арьснаас гүн харагдан түүн дээр нарийхан шаравтар үс байх аваас тахилч тэр хүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь хамуу бөгөөд толгой буюу шанаан дээрх арьсны хүнд өвчний шарх болой. 31 Гэвч тахилч хамууны шархыг үзэхэд арьснаас гүн харагдахгүй, түүн дээр ямар ч хар үс байхгүй бол тахилч хамууны шархтай хүнийг долоо хоногоор хөл хорино. 32 Долоо дахь өдөр тахилч шархыг үзээд, тэр нь цааш тархаагүй, түүн дээр ямар ч шаравтар үс ургаагүй мөн шарх нь арьснаас гүн биш байх аваас 33 тэр хүн хамуутай газрыг хусалгүйгээр үсээ хусах бөгөөд тахилч уг хамуутай хүнийг дахин долоо хоногоор хөл хорино. 34 Тэгээд долоо дахь өдөр тахилч хамууг үзээд, тэр нь арьсан дээгүүр тархаагүй, арьснаас гүн биш харагдаж байвал тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно. Тэр хүн хувцсаа угааж цэвэр болно. 35 Харин цэвэр болсны дараа уг хамуу арьсан дээгүүр дахин цааш тархах аваас 36 тахилч түүнийг үзнэ. Хамуу арьсан дээгүүр тархсан үед тахилч шаравтар үсийг хайх шаардлагагүй. Тэр хүн бузартсан байна. 37 Хэрэв тахилчийн харах үед хамуу өөрчлөгдөөгүй, түүн дээр хар үс ургасан байх аваас уг хамуу эдгэрсэн учир тэр хүн цэвэр болой. Тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно.
38 Эр, эм хүн биеийнхээ арьсан дээр цайвар толбо, бүр цагаан толботой болох аваас 39 тахилч үзэх ба хэрэв биеийнх нь арьсан дээрх толбонууд нь бүдэг цагаан байх аваас энэ нь арьсан дээр дэлгэрсэн тууралт болой. Тэр хүн цэвэр байна.
40 Хэрэв эрэгтэй хүний толгойн үс унах аваас тэр нь халзан болно. Тэр цэвэр болой. 41 Хэрэв түүний толгой урдаасаа хажуугаасаа халзрах аваас тэрээр духандаа халзан учраас цэвэр болой. 42 Харин халзан толгой эсвэл халзан духан дээр нь цайвар ягаан шарх бий болох аваас энэ нь халзан толгой эсвэл халзан духан дээр дэлгэрсэн арьсны хүнд өвчин болой. 43 Тахилч түүнийг үзээд, хэрэв түүний халзан толгой эсвэл халзан духан дээрх шарх гөвдрүү нь биеийнх нь арьсан дээрх арьсны хүнд өвчний байдалтай адил цайвар ягаан байх аваас 44 тэр хүн арьсны хүнд өвчтэй бөгөөд бузартсан болой. Түүний шарх толгой дээр нь байгаа учир тахилч түүнийг бузартсан гэж зарлах ёстой.
45 Арьсны хүнд өвчний шархтай хүн урж цуулсан хувцас өмсөж, толгойнхоо үсийг бүтээлгүй, эрүү нүүрээ таглан “Бузартсан, бузартсан” гэж хашхирч байх ёстой. 46 Шархтай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар гэгдэх ёстой. Тэр бузартсан бөгөөд түүний сууц хуарангийн гадна байж, тэр ганцаараа амьдрах ёстой.
47 Хувцсан дээр хөгцийн толбоa гарах аваас энэ нь ноосон хувцас ч бай, маалинган хувцас ч бай, 48 ноосон эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл ч бай, савхи ч бай, савхиар хийгдсэн аливаа эд ч бай ялгаагүй, 49 хэрэв хувцсан дээр эсвэл арьсан дээр эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдийн дээр эсвэл аливаа савхин эдлэл дээрх уг толбо ногоовтор буюу улбар байх аваас энэ нь хөгцийн толбо учир үүнийг тахилчид үзүүлэх ёстой. 50 Тахилч толбыг үзээд уг толботой эдийг долоо хоногоор тусгаарлаж, 51 долоо дахь өдөр тэрээр уг толбыг үзээд, хэрэв тэр нь хувцсан дээгүүр, нэхмэл буюу сүлжмэл эдийн дээгүүр эсвэл ямар ч зорилгоор ашиглаж болох савхи буюу аливаа савхин эдлэл дээгүүр тархсан байх аваас энэ толбо нь хортой хөгц учир бузар болой. 52 Тиймээс толботой болсон хувцас, ноосон эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл эдлэл эсвэл аливаа савхин эдлэлийг тэрээр шатаах ёстой. Энэ нь хортой хөгц учир үүнийг галд шатаах ёстой.
53 Гэвч тахилчийг харахад уг толбо хувцсан дээр, нэхмэл буюу сүлжмэл эдлэл эсвэл аливаа савхин эдлэл дээр тархаагүй байх аваас 54 толботой болсон зүйлийг угаахыг тахилч тушаан үүнийг дахин долоо хоногоор тусгаарлана. 55 Толботой зүйлийг угаасных нь дараа тахилч дахин үзнэ. Хэрэв уг толбоны гаднах байдал өөрчлөгдөөгүй мөн уг толбо тархаагүй байвал энэ нь бузар бөгөөд тэр эдийг гаднаас нь эсвэл дотроос нь халцлан идсэн байсан ч хамаагүй түүнийг та нар галд шатаа.
56 Харин угаасных нь дараа тахилч үзээд, уг толбо бүдгэрсэн байвал, үүнийг уг хувцас буюу савхин зүйл эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдээс урж авна. 57 Хэрэв тэр нь хувцсан дээр, нэхмэл буюу сүлжмэл эд дээр эсвэл аливаа савхин эдлэл дээр дахин үзэгдэх аваас хөгц тархсан учраас толботой зүйлийг галд шатаа. 58 Хувцас эсвэл нэхмэл буюу сүлжмэл эд эсвэл савхин аливаа эдлэлийг угаасны дараа уг толбо бүрэн арилсан байх аваас түүнийг хоёр дахь удаагаа угаан тэр нь цэвэр болно гэлээ.
59 Энэ нь ноосон юм уу, маалинган хувцсан дээр эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээр эсвэл савхин аливаа эдлэл дээрх хөгцийн толбоны тухай, түүнийг цэвэр эсвэл бузар гэж тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.


  •  a13:47 хөгцийн толбо: евр. “арьсны өвчин” ба “хөгц” адилхан нэртэй.