Элдэв гоождос

15 1 ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа
2 Израилын хөвгүүдтэй ярин “Аливаа хүний бие махбодоос гоождос гарвал тэрхүү гоождос нь бузар юм. 3 Гоождос хүнийг ингэж бузарлана. Бие махбодоос нь гоождос гарч байгаа эсвэл гоождос зогссон аль аль нь түүнд бузар юм. 4 Гоождостой хүний хэвтсэн аливаа ор бузар бөгөөд дээр нь суусан юм бүхэн бузар болой. 5 Түүний оронд хүрсэн аливаа хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 6 Гоождостой хүний сууж байсан зүйл дээр суусан хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах ба үдэш болтол бузар байна. 7 Гоождостой хүний бие махбодод хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 8 Хэрэв гоождостой хүн цэвэр байгаа хүн рүү нулимах аваас тэр хүн нь хувцсаа угааж, усанд булхах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. 9 Гоождостой хүний тохож явсан аливаа эмээл бузар болой. 10 Мөн түүний доор байсан аливаа зүйлд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. Эдгээрийг зөөж явсан хүн хувцсаа угааж, усанд булхах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. 11 Гоождостой хүн гараа усанд зайлалгүйгээр хэн нэгэнд хүрсэн бол тэр хүн нь хувцсаа угааж, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 12 Гоождостой хүний хүрсэн шавар савыг хагалж харин аливаа модон савыг усаар зайлах ёстой.
13 Гоождостой хүн гоождосноосоо эдгэрч цэвэршихдээ, өөрийн цэвэршүүлэгт зориулан долоо хоногийг тоолоод хувцсаа угааж, урсгал усанд бие махбодоо булхаж цэвэр болох ёстой. 14 Тэгээд найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэн дээр очин эдгээрийг тахилчид өгнө. 15 Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөж, гоождосных нь улмаас түүний төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх ажгуу.
16 Хэрэв эр хүнээс үрийн шингэн гарах аваас тэрээр бүх бие махбодоо усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 17 Дээр нь үрийн шингэн тогтсон аливаа хувцас эсвэл аливаа арьсыг усаар угаах бөгөөд тэр нь үдэш болтол бузар байна. 18 Хэрэв эр хүн эмэгтэй хүнтэй унтаж, үрийн шингэн гаргах аваас тэд хоёул биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна.
19 Хэрэв эмэгтэй хүн цусан гоождостой болох тохиолдолд, тэр нь түүний бие махбодын ердийн гоождос байх аваас тэрээр сарын тэмдгийн бузарталдаа долоо хоногийн турш байх ба түүнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. 20 Мөн сарын тэмдгийнхээ үед түүний хэвтсэн аливаа зүйл бузар бөгөөд дээр нь суусан аливаа зүйл бузар болой. 21 Оронд нь хүрсэн аливаа хүн хувцсаа угааж, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 22 Түүний суусан аливаа зүйлд хүрсэн хэн боловч хувцсаа угааж, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 23 Түүний ор ч бай, дээр нь сууж байсан зүйл ч бай, түүнд нь хүрсэн хүн үдэш болтол бузар байна. 24 Хэрэв эр хүн уг эмэгтэйтэй унтаж хэвтээд, эмэгтэйн бузар нь түүнд хүрэх аваас тэр эрэгтэй долоо хоногийн турш бузартсан байх бөгөөд тэр эрэгтэйн хэвтсэн аливаа ор бузар болох ажгуу.
25 Хэрэв эмэгтэй хүн сарын тэмдгээс өөр үед олон хоног цусан гоождостой байх эсвэл тийм үеэс цааш үргэлжлэн гоождостой хэвээр байх аваас тэдгээр бүх өдрүүдэд тэрээр сарын тэмдгийнхээ бузарталд байгаа мэт байх болой. Тэрээр бузар байна. 26 Гоождосныхоо бүх өдрүүдэд түүний хэвтсэн аливаа ор нь сарын тэмдгийн бузартлынх нь үеийн орны адил болох болой. Түүний дээр нь суусан аливаа зүйл тэр үеийнх нь бузрынхтай нь адил бузар болой. 27 Тэдгээрт хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 28 Тэр эмэгтэй гоождосноосоо эдгэрч цэвэршихдээ долоо хоногийг тоолоод, үүний дараа цэвэр болно. 29 Найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, эдгээрийг уулзалтын майхны үүдэнд тахилчид авчирна. 30 Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөнө. Ийнхүү бузар гоождосных нь улмаас тахилч, ЭЗЭНий өмнө тэр эмэгтэйд эвлэрүүлэл хийнэ.
31 Израилын хөвгүүд өөрсдийнх нь дунд байгаа Миний асрыг бузарласнаар бузар дотроо үхэхгүйн тулд та нар тэднийг бузраас нь сэрэмжлүүлэгтүн” гэв.
32 Энэ нь гоождостой хүний тухай мөн үрийн шингэн гаргаж түүгээр бузартсан хүний тухай хууль бөгөөд 33 түүнчлэн сарын тэмдгийн бузартлын улмаас зовуурьтай болсон эмэгтэй мөн эр ч бай, эм ч бай гоождостой хүн эсвэл бузартсан эмэгтэйтэй унтсан эрэгтэйн тухай хууль юм.