ЭЗЭНий өмнөх дэнлүү
(Гэт 27:20–21)

24 1 ЭЗЭН, Мосед айлдахдаа
2 Гэрэлтүүлгийг байнга асаалттай байлгахын тулд дэнлүүнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрахыг Израилын хөвгүүдэд тушаа. 3 Уулзалтын майханд, гэрчлэлийн хөшигний гадна Аарон үүнийг үдшээс өглөөг хүртэл ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга асаахаар тавих ёстой. Энэ нь хамаг үеийнхэнд чинь үргэлжлэх үүрдийн зарлиг болой. 4 Дэнлүүнүүдийг тэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга тавих ёстой.

Тавиг талх

5 Сайн гурил авч, түүгээр арван хоёр боов жигнэ. Боов тус бүр нь ефагийн аравны хоёр байх ёстой.* 6 Эдгээрийг ЭЗЭНий өмнө шижир алтан ширээн дээр нэг эгнээнд нь зургаа байхаар хоёр эгнээ болгон тавь. 7 ЭЗЭНд өргөх галан тахил, бэлгэдлийн өргөл болгохын тулд эгнээ бүрийн талхан дээр цэвэр гүгэл тавигтун. 8 Амралтын өдөр бүр Израилын хөвгүүдийн өмнөөс тэр үүнийг ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга тавих ёстой. Энэ нь мөнхийн гэрээ. 9 Энэ нь Аарон болон түүний хөвгүүдийнх бөгөөд тэд үүнийг ариун газарт идэх болой. Учир нь ЭЗЭНд өргөх галан тахилуудаас түүнд ариунаас ариун, мөнхийн хувь ногдол нь энэ юм гэлээ.*

Доромжлол ба үүний ял

10 Египет эцэгтэй, израил эмэгтэйн хүү Израилын хөвгүүд рүү гарч ирэв. Израил эмэгтэйн тэр хүү нэгэн эртэй хоёул хуаранд бие биетэйгээ муудалцав. 11 Тэгэхэд израил эмэгтэйн хүү ЭЗЭНий нэрийг доромжлон хараасанд тэд түүнийг Мосед аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэрээр Дан овгийн Дибригийн охин байлаа.) 12 Өөрсдөд нь ЭЗЭНий амаар хариу өгөгдтөл тэд түүнийг хорионд байлгав.
13 ЭЗЭН, Мосед айлдахдаа
14 Хараасан нэгнийг хуарангийн гадна авчирч, түүний үгийг сонссон бүхэн толгой дээр нь гараа тавиг. Даяар хотол түмэн түүн рүү чулуу чулуудаг. 15 Чи Израилын хөвгүүдэд “Хэн нэг нь Бурханаа хараах аваас тэрээр гэм нүглээ үүрэх болно. 16 ЭЗЭНий нэрийг доромжилсон хүн үхэх ёстой. Уугуул хүн ч бай, гаднын хүн ч бай ЭЗЭНий нэрийг доромжлох аваас үхэх ёстой бөгөөд хотол түмэн түүнийг чулуугаар чулуудаг.
17 Аливаа хүмүүний амийг хэн нэг нь хороох аваас үхэх ёстой.* 18 Амьтныг хороосон хүн амийг амиар нөхөн төлөх ёстой. 19 Хэрэв хүн хөршөө гэмтээх аваас түүний үйлдсэн ёсоор өөрт нь үйлдэх ёстой. 20 Хугарлыг хугарлаар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, хүнийг гэмтээснийх нь дагуу түүнд мөн түүнчлэн өгөгдөх ёстой.* 21 Амьтныг алсан хүн үүнийг нөхөн төлнө. Харин хүн алсан нэгэн нь үхэх ёстой. 22 Гаднынханд ч бай, уугуул нутгийнханд ч бай та нарт нэг л журам байх ёстой. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ” гэж хэл хэмээв.* 23 Тэгээд Мосе, Израилын хөвгүүдэд хэлсэнд тэд хараасан хүнийг хуарангийн гадна аваачин түүн рүү чулуу шидлэв. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилын хөвгүүд үйлджээ.


  • 24:5–6 Гэт 25:30
  • 24:9 Мт 12:4; Мк 2:26; Лк 6:4
  • 24:17 Гэт 21:12
  • 24:20 Гэт 21:23–25; Дх 19:21; Мт 5:38
  • 24:22 Тоо 15:16