Тахилчийн үйлчлэл эхэлсэн нь

9 1 Найм дахь өдөр Мосе, Аароныг, түүний хөвгүүдийг мөн Израилын ахмадуудыг дуудав. 2 Тэрээр Ааронд
—Нүглийн тахилд зориулан өөртөө согоггүй эр бяруу, шатаалт тахилд согоггүй хуц авч, ЭЗЭНий өмнө өргөгтүн. 3 Тэгээд Израилын хөвгүүдэд “Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг мөн шатаалт тахилд согоггүй бяруу, хурга хоёрыг 4 мөн эвийн тахилуудад ЭЗЭНий өмнө өргөхөөр бух, хуцыг мөн тосоор багсарсан идээн өргөлийг авагтун. Учир нь өнөөдөр ЭЗЭН та нарт үзэгдэх болно” гэж хэлтүгэй гэв. 5 Ийнхүү Мосегийн тушаасныг тэд уулзалтын майхны өмнө авчирч, даяар хотол түмэн ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсоцгоов. 6 Мосе
—ЭЗЭНий алдар та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл энэ болой гэв. 7 Тэгээд Мосе, Ааронд
—ЭЗЭНий тушаасан ёсоор тахилын ширээнд ойртон ирж, нүглийн тахилаа болон шатаалт тахилаа өргөн, өөртөө болон ард олондоо эвлэрүүлэл хийгээд мөн ард олны өргөлийг өргөж тэдэнд эвлэрүүлэл хийгтүн гэлээ.*
8 Иймээс Аарон тахилын ширээнд ойртон ирж, өөрт нь зориулагдсан, нүглийн тахил болох бярууг нядлав. 9 Аароны хөвгүүд түүнд цусыг нь авчрахад, тэрээр цусанд хуруугаа дүрж, тахилын ширээний эврүүд дээр нялж, цусыг тахилын ширээний суурь луу асгав. 10 Харин нүглийн тахилын өөх, бөөр, өнчин элгийг Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тахилын ширээн дээр шатааж, 11 мах болон арьсыг нь тэрээр хуарангийн гадна галд шатаав.
12 Тэрээр шатаалт тахилыг нядлав. Аароны хөвгүүд түүнд цусыг нь өгөхөд тэр үүнийг тахилын ширээг тойруулан цацав. 13 Тэд хэсэглэн эвдчихсэн шатаалт тахилыг толгойнх нь хамт түүнд өгснийг тэрээр тахилын ширээн дээр шатаав. 14 Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь угаагаад, шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаав.
15 Тэрээр ард олны өргөлийг өргөн ард олны төлөөх нүглийн тахилын ямааг авч нядлан өмнөхтэй адил түүнийг нүглийн учир өргөв. 16 Тэрээр шатаалт тахилыг өргөж, түүнийг тогтоосон журмын дагуу гүйцэтгэв. 17 Тэр идээн өргөлийг авчирч, түүнээс атга дүүрнийг аваад, тахилын ширээн дээр өглөөний шатаалт тахилтай хамт шатаав.
18 Тэгээд ард олонд зориулагдсан, эвийн тахилуудын мал буюу бух, хуцыг тэр нядалжээ. Аароны хөвгүүд түүнд цусыг нь өгсөнд, тэрээр тахилын ширээг тойруулан цацав.* 19 Бух болон хуцын өөх буюу сүүл, гадар өөх, бөөр, өнчин элгийг тэд аван 20 өөхийг өвчүүнүүд дээр тавьж, тэрээр өөхийг тахилын ширээн дээр шатаав. 21 Харин өвчүүнүүд болон баруун гуяыг Мосегийн тушаасан ёсоор Аарон, ЭЗЭНий өмнө өргөмжлөх өргөл болгон даллав.
22 Аарон ард олон руу гараа өргөж, тэднийг ерөөв. Тэгээд нүглийн тахил, шатаалт тахил, эвийн тахил зэргийг өргөж дуусаад доош буулаа.* 23 Мосе, Аарон нар уулзалтын майханд ороод, дараа нь гарч ирэн ард олныг ерөөлөө. Тэгэхэд ЭЗЭНий алдар хамаг ард олонд үзэгдэж, 24 ЭЗЭНий өмнөөс гал гарч, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагцаа хашхиралдан нүүрээрээ унав.


  •  9:7 Евр 7:27
  • 9:18 Лев 3:1–11
  • 9:22 Тоо 6:22–26