Ёслол ба ёс суртахуун ариун байх нь

19 1 ЭЗЭН, Мосед айлдахдаа
2 Израилын хөвгүүдийн хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун.* 3 Та нарын хүн нэг бүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.* 4 Шүтээнүүдэд бүү ханд, өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хий. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.*
5 ЭЗЭНд эвийн тахилыг өргөхдөө та нар үүнийгээ хүлээн зөвшөөрөгдөхүйцээр өргөгтүн. 6 Үүнийг өргөсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэнийг галд шатаах ёстой. 7 Хэрэв үүнийг гурав дахь хоног дээр идэх аваас тэр нь бузар агаад хүлээн авагдахгүй. 8 Үүнийг идсэн нь ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан учраас хилэнцээ үүрнэ. Тэр хүн ард олноосоо таслагдах болой.
9 Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч түүж цуглуулах ёсгүй.* 10 Мөн усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг бүү түү, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Эдгээрийг та нар ядуус болон цагаач хүмүүст зориулан үлдээгтүн. Би та нарын Бурхан ЭЗЭН.
11 Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биеэ бүү хуур.* 12 Миний нэрээр хуурамчаар бүү тангарагла, Бурханыхаа нэрийг ч бүү гутаа. Би ЭЗЭН.*
13 Хөршөө бүү мөлж, бүү дээрэмд. Хөлсний хүний цалин хөлс өглөө болтол бүхэл шөнөжингөө чамд үлдэх ёсгүй.* 14 Чи сонсголгүй хүнийг бүү хараа, хараагүй хүний өмнө саад бүү тавь, харин Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН.*
15 Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долигоно, харин бусдыг зөв шүү.* 16 Ард олныхоо дунд бүү хов зөө. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН.
17 Ах дүүгээ зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэ. Тэгвэл чи өөрөө гэм нүгэл үүрэхгүй.a * 18 Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би ЭЗЭН.*
19 Та нар Миний зарлигуудыг сахигтун. Малаа өөр төрлийн малтай бүү эвцэлдүүл. Тариан талбайдаа хоёр өөр төрлийн үрийг бүү суулга. Хоёр төрлийн утсаар буюу маалинга ба ноос хольж хийсэн хувцас бүү өмс.*
20 Хэрэв өөр хүнд өгөхөөр амласан, харин өнөөх хүн үнийг нь хараахан төлөөгүй бөгөөд эрх чөлөөтэй болоогүй тийм боол эмэгтэйтэй эр хүн хурьцсан байвал тэд шийтгүүлэх ёстой. Гэхдээ эмэгтэй нь чөлөөт бус учраас тэд алуулахгүй.b 21 Эрэгтэй ялынхаа тахилд ЭЗЭНд уулзалтын майхны үүдэнд хуцыг авчирна. 22 Түүний үйлдсэн нүглийн улмаас тахилч ялын тахилын хуцаар түүний төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх бөгөөд үйлдсэн нүгэл нь уучлагдах болой.
23 Та нар тэр нутагт ороод төрөл бүрийн жимсний мод тарихдаа үр жимсийг нь цээртэй гэж тооцож, гурван жилийн турш тэдгээрийг цээртэй гэж үзэх ёстой. Үүнийг бүү ид. 24 Гэвч дөрөв дэх жилд бүх үр жимс нь ЭЗЭНд магтаалынc ариун өргөл болой. 25 Тав дахь жилдээ та нар үр жимсийг нь идэж болно. Ийнхүү та нарт үр жимс нь улам нэмэгдэнэ. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.
26 Та нар цустай юм бүү ид. Мэргэ төлгө эсвэл ид шидээр бүү оролд.* 27 Толгойгоо тойруулан үсээ бүү захал, сахлынхаа үзүүрийг ч бүү эвд.* 28 Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа зүсэлтийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би ЭЗЭН.
29 Охиноо садар самуунd болгож бүү гутаа. Эс тэгвэл нутаг орон чинь садар самуунд унаж, булай явдлаар дүүрэх вий.* 30 Миний Амралтын өдрийг сахиж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би ЭЗЭН.*
31 Сүнс дуудагчид руу бүү эргэ, мэргэ төлгөчдийг бүү эрж хай. Тэднээр бүү бузарлагд. Та нарын Бурхан ЭЗЭН Би.*
32 Буурлын өмнө босон зогсож, настныг дээдэлж, Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН билээ.
33 Нутагт чинь цагаач хүн та нартай хамт суурьших аваас түүнийг бүү дарла.* 34 Та нартай хамт суурьших цагаач хүн нь та нарын дунд буй уугуул хүн мэт байж, чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египет нутагт цагаач байсан билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
35 Хэмжээс, жин, хэмжүүрийн дэнслэлд шударга бусаар бүү үйлд.* 36 Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Та нарыг Египет нутгаас гарган авчирсан, та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. 37 Ингэж та нар Миний бүх зарлигууд болон Миний бүх шийдвэрүүдийг сахин биелүүл. Би ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.


  • 19:2 Лев 11:44–45; 1Пт 1:16
  • 19:3 Гэт 20:8,12; Дх 5:12,16
  • 19:4 Лев 26:1; Гэт 20:23, 34:17; Дх 27:15
  • 19:9–10 Лев 23:22; Дх 24:19–22
  • 19:11 Гэт 20:15,16; Дх 5:19–20
  • 19:12 Гэт 20:7; Дх 5:11; Мт 5:33
  • 19:13 Дх 24:14–15
  • 19:14 Дх 27:18
  • 19:15 Гэт 23:6–8; Дх 16:19
  • a19:17 эсвэл Түүний эсрэг чи гэм үйлдэхгүйн тулд
  • 19:17 Мт 18:15
  • 19:18 Мт 5:43, 19:19, 22:39; Мк 12:31; Лк 10:27; Ром 13:9; Гал 5:14; Иак 2:8
  • 19:19 Дх 22:9–11
  • b19:20 эсвэл байцаагдана, гэхдээ алуулахгүй.
  • c19:24 эсвэл талархлаа өргөх
  • 19:26 Эх 9:4; Лев 7:26–27, 17:10–14; Дх 12:16,23, 15:23, 18:10
  • 19:27–28 Лев 21:5; Дх 14:1
  • d19:29 эсвэл дуганы янхан: Канаанчуудын үржил шимийн бурхны дуганд ийм эмс байсан ба тэдэнтэй бэлгийн харилцаанд орвол мал сүрэг, ургац арвижна гэж тэд үздэг байжээ.
  • 19:29 Дх 23:17
  • 19:30 Лев 26:2
  • 19:31 Дх 18:11; 1См 28:3; 2Ха 23:4; Иса 8:19
  • 19:33–34 Гэт 22:21; Дх 24:17–18, 27:19
  • 19:35–36 Дх 25:13–16; Сур 20:10; Езк 45:10