Эвлэрүүллийн өдөр
16 1 ЭЗЭНий өмнө дөхөж очоод үхсэн Аароны хоёр хүүгийн үхлийн дараа ЭЗЭН, Мосетой ярив. 2 ЭЗЭН, Мосед айлдахдаа
—Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүллийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүллийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.* 3 Аарон нүглийн тахилд зориулсан нэг залуу бух мөн шатаалт тахилд зориулсан нэг хуцтай ариун газарт орох ёстой.* 4 Тэрээр маалинган ариун тэрлэг өмсөх ёстой. Түүний биед маалинган дотуур хувцас байж, тэрээр маалинган бүс бүсэлж, толгойн маалинган ороолт ороог. Эдгээр нь ариун хувцас учир тэрээр бие махбодоо усанд булхаж эдгээрийг өмсөг. 5 Тэрээр Израилын хөвгүүдийн хотол түмнээс ямаан сүргийн хоёр ухныг нүглийн тахилд, нэг хуцыг шатаалт тахилд аваг.
6 Аарон өөрийнхөө төлөө нүглийн тахилд бухаа өргөж, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүлэл хийнэ. 7 Тэрээр хоёр ухна авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд тавиг. 8 Аарон хоёр ухнад шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө шавга нь Азазелд ногдох болой. 9 ЭЗЭНд ногдох шавга таарсан ухныг Аарон авчран нүглийн тахил болгон өргөг. 10 Харин Азазелд ногдох шавга таарсан ухнаар эвлэрүүлэл хийхийн тулд ЭЗЭНий өмнө амьдаар нь авчрах бөгөөд үүнийг зэлүүд тал руу Азазелд явуулах юм.
11 Аарон өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг авчирч, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүлэл хийг. Тэр өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг нядална. 12 Тэрээр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атгаараа дүүрэн нунтагласан анхилуун утлагат тахилаас авч, хөшигний дотор авчирна. 13 Тэрээр ЭЗЭНий өмнө уг утлагат тахилыг гал дээр хийж, утлагат тахилын утаа гэрчлэлийн дээрх эвлэрүүллийн тагийг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ. 14 Тэрээр бухын цуснаас авч, хуруугаараа эвлэрүүллийн тагны зүүн тал руу цацлаад бас эвлэрүүллийн тагны нүүрэн тал руу цуснаас хуруугаараа долоон удаа цацлаг.
15 Тэрээр ард олонд зориулагдсан нүглийн тахил ухныг нядлан цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар юу хийсэнчлэн үүний цусаар мөн үйлдэж, эвлэрүүллийн таган дээр мөн эвлэрүүллийн тагны нүүрэн тал руу цацлаг.* 16 Израилын хөвгүүдийн бузрын улмаас, бүх нүглийнх нь доторх тэдний гэмт үйлдлийн улмаас тэрээр ариун газарт зориулан эвлэрүүлэл хийг. Түүнчлэн тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших уулзалтын майханд зориулан адил зүйл хийнэ. 17 Ариун газарт зориулан эвлэрүүлэл хийхээр дотогш орох үед буюу түүнийг өөртөө, гэрийнхэндээ болон Израилын бүхэл чуулганд зориулан эвлэрүүлэл хийгээд гарч ирэх хүртэл хэн ч уулзалтын майханд байх ёсгүй. 18 Тэгээд тэр ЭЗЭНий өмнө буй тахилын ширээ өөд гарч, түүнд зориулан эвлэрүүлэл хийхдээ бух болон ухнын цуснаас авч, тахилын ширээний эврүүд дээр тойруулан нялаг. 19 Тэрээр хуруугаараа ширээн дээгүүр цусыг долоон удаа цацлан уг ширээг цэвэршүүлж, Израилын хөвгүүдийн бузраас ариусгаг.
20 Ариун газар, уулзалтын майхан, тахилын ширээ зэрэгт зориулан эвлэрүүлэл хийж дуусаад, Аарон амьд ухныг авчраг. 21 Тэгээд Аарон амьд ухнын толгой дээр хоёр гараа тавьж, Израилын хөвгүүдийн бүх хилэнц, тэдний бүх гэмт үйлдэл, бүх нүглийг түүн дээр улайж, тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд, сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал руу явуулаг. 22 Бүх хилэнцийг ухна эзгүй газар тийш өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг зэлүүд талд суллаж тавих ёстой.
23 Аарон уулзалтын майханд ирж, ариун газарт орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхиг.* 24 Тэрээр ариун газарт бие махбодоо усанд булхаад хувцсаа өмсөж, гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг өргөж, өөртөө болон ард түмэнд эвлэрүүлэл хийг. 25 Нүглийн тахилын өөхийг тэрээр тахилын ширээн дээр шатааг. 26 Ухныг Азазелд зориулан суллаж тавьсан хүн нь хувцсаа угааж, усанд бие махбодоо булхаад, үүний дараа хуаранд ирэх ёстой. 27 Харин ариун газарт эвлэрүүлэл хийхээр цусыг нь оруулсан нүглийн тахил бух болон нүглийн тахил ухна зэргийг хуарангийн гадна гаргаж, арьс, мах, сэвсийг нь галд шатааг.* 28 Эдгээрийг шатаасан хүн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад, үүний дараа хуаранд ирж болно.
29 Энэ нь та нарт улиран үргэлжлэх зарлиг болой. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр уугуул та нар ч, дунд чинь суугаа цагаач хүн ч сэтгэлээ номхотгож, ямар ч ажил бүү хийг.* 30 Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарт энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө бүх нүглээсээ цэвэрших болно. 31 Энэ нь та нарын хувьд бүрэн Амралтын өдөр бөгөөд та нар сэтгэлээ номхотго. Энэ нь улиран үргэлжлэх зарлиг юм. 32 Эцгийнхээ байранд тахилчийн албанд үйлчлэхээр тослогдож, сахил хүртсэн тахилч эвлэрүүллийг хийх ёстой. Тэрээр маалинган хувцас буюу ариун хувцсыг өмсөөд, 33 ариун газарт зориулан эвлэрүүлэл хийж, уулзалтын майхан болон тахилын ширээнд зориулан эвлэрүүлэл хийж мөн тахилчид бүх чуулганы ард олонд эвлэрүүлэл хийх юм. 34 Жил бүр ганц удаа Израилын хөвгүүдийн бүх нүглийн эвлэрүүллийг хийх нь та нарт өгөгдсөн улиран үргэлжлэх зарлиг болой гэв. ЭЗЭНий өөрт нь тушаасан яг тэр ёсоор Мосеa хийв.
- 16:2 Евр 6:19
- 16:3 Евр 9:716:15 Евр 9:12
- 16:23 Езк 44:19
- 16:27 Евр 13:11
- 16:29–34 Лев 23:26–32; Тоо 29:7–11
- a16:34 эсвэл Аарон