Мал нядлах тухай
17 1 ЭЗЭН, Мосед айлдахдаа
— 2 Аарон, түүний хөвгүүд мөн Израилын бүх хөвгүүдтэй ярьж “ЭЗЭН тушаан айлдахдаа 3 «Израилын гэрийнхнээс аливаа хүн хуарангийн дотор эсвэл хуарангийн гадна үхэр, хурга эсвэл ямаа нядлаад, 4 ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр үүнийгээ уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүнд уг цусыг тооцуулна. Тэрээр цус урсгасан учир ард түмнийхээ дундаас таслагдаг. 5 Үүний шалтгаан нь Израилын хөвгүүд хээр талд нядалж байсан тахилуудаа авчирч, тэдгээрээ ЭЗЭНд, уулзалтын майхны үүдэнд тахилчид авчран ЭЗЭНд эвийн тахил болгон нядлахын тулд болой. 6 Тахилч цусыг нь уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий тахилын ширээн дээр цацаж, өөхийг нь ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатаах ёстой. 7 Ингэснээр тэд садарлан дагадаг ямаан шүтээнүүддээ цаашид өөрсдийн тахилуудыг нядлан тахихгүй бөгөөд энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх зарлиг болой» хэмээв” гэж хэлэв.
8 Тэгээд тэдэнд “Израилын гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа цагаач хүн шатаалт тахил эсвэл бусад тахилыг өргөхдөө, 9 түүнийгээ ЭЗЭНд өргөхөөр уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүн ард олноос таслагдаг.
Цус идэхийг хориглов
10 Израилын гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа цагаач хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.* 11 Учир нь бие махбодын амь нь цусанд байдаг. Түүнийг Би тахилын ширээнд зориулан, амийн чинь эвлэрүүллийг хийхээр та нарт өгсөн юм. Учир нь амийн эвлэрүүллийг цус хийдэг юм” гэж хэлэв.* 12 “Түүнчлэн Би Израилын хөвгүүдэд «Та нарын дотроос нэг ч хүн цус идэж болохгүй мөн та нарын дунд түр сууж буй ямар ч цагаач хүн цус идэж болохгүй» гэж айлдсан. 13 Израилын хөвгүүдээс эсвэл тэдний дунд түр сууж буй цагаач хүмүүсээс хэн нэг нь идэж болох амьтан эсвэл шувуу агнах аваас цусыг нь юүлэн шороогоор дарах ёстой.
14 Учир нь бүх махбодын амийн хувьд, цус нь түүний амь юм. Тиймээс Би Израилын хөвгүүдэд “Бүх махбодын амь нь түүний цус байдаг учраас та нар аливаа махбодын цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана” гэж хэлсэн. 15 Үхдэл юм уу, сэгчүүлж тасчуулсныг идсэн аливаа хүн, нутгийн уугуул ч бай, суугуул ч бай хувцсаа угааж, биеэ усанд булхах ёстой бөгөөд үдэш болтол бузар байж байгаад дараа нь цэвэр болно. 16 Хэрэв тэр хүн угаагаагүй эсвэл махбодоо усанд булхаагүй аваас хилэнцээ үүрнэ” гэв.
- 17:10 Эх 9:4; Лев 7:26–27, 19:26; Дх 12:16, 23, 15:23
- 17:11 Евр 9:22