Амлалтын өргөл

27 1 ЭЗЭН, Мосед айлдахдаа
2 Израилын хөвгүүдтэй ярин “Хүний үнэлгээтэй хамаарах онцгой ам өчгийг ЭЗЭНд өргөх үед 3 хориос жар хүртэлх насны эрэгтэйг үнэлж байвал үнэлгээ чинь ариун газрын шекелээр тавин шекел мөнгө байх ёстой. 4 Хэрэв эмэгтэй байвал үнэлгээ чинь гучин шекел байх ёстой. 5 Хэрэв таван наснаас хорин нас хүртэлх хүн байвал эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь хорин шекел, харин эмэгтэйд зориулсан үнэлгээ арван шекел байх ёстой. 6 Харин нэг сартайгаас таван нас хүртэлх хүн байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь таван шекел мөнгө, харин эмэгтэйд зориулсан үнэлгээ гурван шекел мөнгө байх ёстой. 7 Хэрэв жараас дээш насных байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь арван таван шекел, харин эмэгтэйд арван шекел байх ёстой. 8 Хэрэв хүн үнэлгээг хүчрэхгүй ядуу байх аваас түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Ам өчиг өгсөн хүний хөрөнгө чадлынх нь хэрээр тахилч түүнийг үнэлэг.
9 Хэрэв ЭЗЭНд тахил болгон өргөхөөр зориулсан амьтан байвал ЭЗЭНд өгсөн аливаа амьтан ариун болой. 10 Сайныг муугаар, мууг сайнаар орлуулж эсвэл сольж болохгүй. Хэрэв амьтныг амьтнаар солих аваас тэр амьтан болон орлуулсан амьтан хоёулаа ариун болно. 11 Хэрэв ЭЗЭНд өргөл болгон өргөдөггүй, бузар амьтан байвал уг амьтныг тахилчийн өмнө тавина. 12 Тахилч үүнийг сайн муугаар нь үнэлэх бөгөөд тахилчийн үнэлсэн ёсоор тогтооно. 13 Харин хүн түүнийг золихыг хүсвэл, үнэлсэн үнийнхээ тавны нэгийг түүн дээр нэмэх ёстой.
14 Хэрэв хүн өөрийн сууцыг ЭЗЭНд ариун болгон ариусган зориулах аваас тахилч түүнийг нь сайн муугаар үнэлнэ. Тахилчийн үнэлсний дагуу тогтоогдоно. 15 Харин орон сууцаа ариусган зориулсан нэгэн үүнийгээ золихыг хүсвэл, үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэг. Ингэж орон сууц түүнийх болно.
16 Хэрэв хүн өмчийн талбайгаасаа ЭЗЭНд ариусган зориулах аваас үнэлгээ нь түүнд шаардагдах үрийн хэмжээгээр байх ёстой. Арвайн үрийн нэг хомер нь тавин шекел мөнгө болой. 17 Хэрэв тэр хүн талбайгаа эвэр бүрээдэлтийн жилээс эхлээд ариусган зориулах аваас энэ нь үнэлгээний дагуу тогтох ёстой. 18 Харин тэр хүн эвэр бүрээдэлтийн дараа талбайгаа ариусгавал дараагийн эвэр бүрээдэлтийг хүртэл үлдсэн жилүүдтэй тэнцүүлэн тахилч мөнгийг тооцох ёстой. Энэ нь үнэлгээнээс хасагдах ёстой. 19 Харин талбайгаа ариусган зориулсан хүн түүнийгээ золихыг хүсвэл үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэг. Ингэж талбай түүнд үлдэх болно. 20 Хэрэв тэр хүн талбайгаа золихгүй, харин уг талбай нь өөр хүнд зарагдах аваас үүнийг цаашид золих боломжгүй болж, 21 эвэр бүрээдэлтээр уг талбай буцах үедээ хориг болсон талбайн адил ЭЗЭНд ариун болно. Энэ нь тахилчийнх болно. 22 Хэрэв хүн эзэмшлийнхээ бус, худалдаж авсан талбайгаасаа ЭЗЭНд ариусган зориулбал, 23 тахилч түүнд эвэр бүрээдэлтийн жил хүртэлх үнийг тооцох ёстой бөгөөд тэрээр мөнөөх өдөртөө үнэлсэн үнийг нь ЭЗЭНд ариун хэмээн өгөх ёстой. 24 Эвэр бүрээдэлтийн жилд уг талбай нь талбайг зарсан хүнд буюу газрын өвийг эзэмшигчид буцаж очих болой. 25 Үнэлгээ бүр чинь ариун газрын шекелээр нэг шекел нь хорин гера байх ёстой.
26 Ууган төрөгсөд нь ЭЗЭНийх байдаг учир амьтдын ууган төлийг хэн ч ариусган зориулж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм. 27 Хэрэв бузар амьтан байх аваас үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэн түүнийг золих ёстой. Хэрэв золигдохгүй байх аваас энэ нь үнэлсэн үнийнхээ дагуу зарагдах ёстой.
28 Хүн өөрт байгаа бүхэн болох хүн, амьтан эсвэл өмчийнхөө талбайгаас ЭЗЭНд хориг болгосон алив зүйлээa зарах буюу золих ёсгүй. Хориг болсон аливаа зүйл ЭЗЭНд ариунаас ариун юм.* 29 Хүмүүсийн дундаас хориг болсон аливаа хүний үнийг төлөх ёсгүй бөгөөд тэр гарцаагүй үхэх ёстой.
30 Газар, газрын үр, модны үр жимсний бүх арван хувь ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭНд ариун болой.* 31 Хэрэв хүн өөрийн арван хувиас золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг дээр нь нэмэг. 32 Бод болон бог малын арван хувь буюу шилбүүр доогуур гарч тоолуулсан арав дахь нь ЭЗЭНд ариун болох ёстой. 33 Үүнийг сайн, муу гэж ялгах ёсгүй, сольж ч болохгүй. Хэрэв түүнийг солих аваас тэр болон түүнийг орлогч нь хоёулаа ариун болох бөгөөд золигдох ёсгүй” гэж тэдэнд хэлэгтүн гэв.
34 Эдгээр нь Израилын хөвгүүдэд зориулан Синаи уулан дээр Мосед ЭЗЭНий тушаасан тушаалууд болой.


  • a27:28 Ийм зүйлс бүхэлдээ ЭЗЭНийх болох учир хэрэглэж болохгүй харин устгах ёстой.
  • 27:28 Тоо 18:14
  • 27:30–33 Тоо 18:21; Дх 14:22–29