Эх үүсвэр гэсэн утгатай үгээр нэрлэгдсэн энэ номд дэлхий ертөнц бүтээгдсэн тухай болон хүн төрөлхтний уг гарваль, нүглийн үүдэл, хорвоогийн зовлон шаналал ба үүнд Бурханы нинжин сэтгэлээр хандах арга замын тухай өгүүлдэг. “Эхлэл”-ийг үндсэн хоёр хэсэгт хуваан үзэж болно.
Ертөнц бүтээгдсэн ба хүн төрөлхтний эртний түүхийн тухай эхний хэсэгт Адам Ева, Каин Абел, Ноа ба их үер, Бабел цамхгийн тухай түүхүүд багтана. (1–11-р бүлэг)
Израилын дээд өвгийн тухай өгүүлэх удаах хэсэгт Бурханд өргөсөн итгэл дуулгавраараа онцгойрсон Абрахам, мөн хүү Исаак, ач хүү Иаков, Израилын 12 овгийн өвөг болсон Иаковын хөвгүүдийн тухай түүх үргэлжилнэ. Тэдний нэг болох Иосефт тохиолдсон онцгой үйл явдал, түүнээс улбаалан Иаковынхан бүлээрээ Египетэд амьдрахаар одсон түүх ч мөн энд багтдаг. (12–50-р бүлэг)
Энэ номд хүмүүсийн тухай өгүүлж байгаа боловч угтаа Бурхан юу хийсэн тухай баримт агаад Бурхан ертөнцийг бүтээсэн тухай нотолгоогоор эхэлж, хүмүүстээ халамж энэрлээ үзүүлсээр байх Бурханы амлалтаар төгсөж байна. Буруу үйлийг шүүн шийтгэж, Өөрийнхөө хүмүүсийг удирдан дэмжиж, тэдний түүхийг тодорхойлсон Бурхан Өөрөө номын гол дүр юм. Эртний энэ бичвэр нэгэн ард түмний итгэлийн түүхийг тэмдэглэн үлдээх мөн итгэл дотроо тэднийг цааш амьдрахад нь туслах зорилгоор бичигдсэн байна.
Бүтээлийн зургаан өдөр
1 1 Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ.а 2 Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүнийb гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнсc усны мандал дээгүүр элин хальж байлаа.
3 Тэгэхэд Бурхан
—Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов. * 4 Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. 5 Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. Үдэш болоод, өглөө болсон нь анхны өдөр.
6 Бурхан
—Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав.* 7 Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов. 8 Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болсон нь хоёр дахь өдөр.
9 Бурхан
—Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ. 10 Бурхан хуурайг нь газар, хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. 11 Ингээд Бурхан
—Газар нь ургамал ногоог буюу үрт өвс ногоо ба доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыгd төрөл төрлөөр нь ургуултугай! гэж айлдсанд ёсоор болжээ. 12 Газар нь ийнхүү ургамал ногоог буюу үрт өвс ногоог төрөл төрлөөр нь бас доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. 13 Үдэш болоод, өглөө болсон нь гурав дахь өдөр.
14 Тэгээд Бурхан
—Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид бий болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал,e өдөр, жилийн тулд байг. 15 Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж газар дэлхийг гийгүүлэг! гэж айлдсанд ёсоор болжээ. 16 Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгов. 17 Бурхан тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр тэнгэр огторгуйд тавьсан нь 18 өдөр, шөнө хоёрыг захируулах бас гэрлийг харанхуйгаас салгахын тулд ажгуу. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. 19 Үдэш болоод, өглөө болсон нь дөрөв дэх өдөр.
20 Бурхан
—Амьд биет уснаа язганан бужигнаж, шувууд газар дэлхий дээгүүр тэнгэр огторгуйд нисэг! гэж айлдав. 21 Ийнхүү Бурхан далай тэнгисийн аварга том амьтад ба уснаа бужигнагч амьд бүхнийг төрөл төрлөөр нь бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. 22 Бурхан тэднийг ерөөн
—Үржиж, олширцгоог! Далай тэнгисийн усанд дүүрэг! Шувууд ч газар дэлхийд олширцгоог! хэмээв. 23 Үдэш болоод, өглөө болсон нь тав дахь өдөр.
24 Бурхан
—Газар дэлхий амьд биетийг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь гаргатугай! гэж айлдсанд ёсоор болжээ. 25 Бурхан ийнхүү газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.
26 Тэгээд Бурхан
—Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийгf захируулъя гэж айлдав.* 27 Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.* 28 Бурхан тэднийг ерөөж
—Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв. 29 Бурхан
—Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. 30 Газар дэлхийн зэрлэг амьтан бүхэнд, огторгуйн шувуу бүхэнд, газраар мөлхөгч бүхэнд, амьтай амьсгалтай бүхэнд өвс ногоо бүгдийг хоол хүнс болгож өгье гэсэнд ёсоор болжээ. 31 Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь зургаа дахь өдөр.
- a1:1 эсвэл Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээх үед эсвэл Бурхан тэнгэр газрыг бүтээж эхлэхэд
- b1:2 оёоргүй гүн: Хөлгүй их ус, оёоргүй нүх, ёроолгүй гүн, газрын гүн гэсэн утгатай.
- c1:2 эсвэл Бурханы хүч эсвэл Бурханаас гарсан салхи эсвэл ер бусын салхи
- 1:3 2Ко 4:6
- 1:6–8 2Пт 3:5
- d1:11 эсвэл өвс ногоо, үрт ургамал, доторх үрээ газарт гөвдөг жимсний модыг
- e1:14 эсвэл шашны баярууд
- f1:26 ЭЗО: тэжээвэр ба зэрлэг амьтдыг
- 1:26 1Ко 11:7
- 1:27 Мт 19:4; Мк 10:6