Израилчууд Канаан газрыг эзэлснээс хойш хаант улс болох хүртэлх дүрэм журамгүй үеийн олон хэрэг явдлыг эмхтгэсэн энэ ном нь “шүүгчид” хэмээн нэрлэгдсэн үндэсний баатруудын байгуулсан гавьяаны тухай юм. Тэдний олонх нь бидний ойлгодог хуулийн шүүгч бус харин цэргийн удирдагчид байсан ба тэдний нэг, 13–16-р бүлэгт өгүүлэгддэг Самсоны тухай хүмүүс сайн мэднэ.
Бурханд үнэнч байх нь Израилын аврал болж, дуулгаваргүй байх нь гай гамшгийг дагуулдаг гэсэн санаа номын хамгийн агуу сургамж боловч, Бурханд дуулгаваргүй байснаас энэ үндэстэнд гай учирсан ч тэд гэмшин Бурханд эргэх аваас ард түмнээ аврахад Бурхан ямагт бэлэн байдаг гэсэн санаа нь үүнээс ч илүү тусжээ.
Канааныг бүрэн эзэлсэнгүй
1 1 Иошуаг өөд болсны дараа Израилын хөвгүүд ЭЗЭНээс
—Канаанчуудын эсрэг довтолж, тэдэнтэй тулалдахад хэн бидний тэргүүнд явах вэ? гэж асуусанд 2 ЭЗЭН
—Иуда явах болно. Харагтун, Би уг газрыг түүний гарт өгсөн хэмээн айлдав. 3 Тэгэхэд Иуда өөрийн ах Симеонд
—Надад шавгаар ногдсон миний газар луу канаанчуудтай тулалдахаар надтай цуг яваач. Тэгвэл танд ногдсон газар луу би ч бас явна шүү гэхэд Симеон түүнтэй хамт явлаа. 4 Иудаг хөдлөхөд канаанчууд болон перизчүүдийг ЭЗЭН тэдний гарт өгөв. Тэд Безект арван мянган хүнийг хүйс тэмтэрлээ. 5 Тэд Безект Адони-Безекийг олж, түүний эсрэг тулалдан, канаанчууд болон перизчүүдийг ялав. 6 Харин Адони-Безек зугтсанд тэд араас нь нэхэж бариад, гар хөлийнх нь эрхий хуруунуудыг тастав. 7 Адони-Безек
—Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу түүдэг байлаа. Харин одоо хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-Безекийг Йерусалимд авчирсанд тэр тэнд өөд болжээ.
8 Дараа нь Иудагийн хөвгүүд Йерусалимын эсрэг дайтаж, түүнийг эзлэн аваад, илдээр цавчиж, галдан шатаав. 9 Ингэсний дараа Иудагийн хөвгүүд уулархаг нутаг, Негев ба нам газраар нутаглаж байсан канаанчуудтай тулалдахаар уруудаж иржээ. 10 Тэгээд Иуда Хебронд амьдардаг байсан канаанчуудын эсрэг дайрлаа. (Хеброныг урьд нь Кириат-Арба гэж нэрлэдэг байв.) Тэд Шешаи, Ахиман, Талмаи нарыг цохив.
11 Улмаар тэндээсээ тэд Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. (Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-Сефер байв.) 12 Калеб
—Кириат-Сеферийг дайран эзэлсэн хүнд би охин Ахсагаа эхнэр болгон өгнө гэв. 13 Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв. 14 Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав.a Түүнийг илжигнээсээ буухад Калеб
—Чи юу хүсээ вэ? гэж асуув. 15 Тэр түүнд
—Надад ерөөлөө хайрлаач. Та надад Негевийн нутгийг өгсөн тул булгуудыг нь бас өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг түүнд өгөв.
16 Мосегийн хадам эцэг болох кен хүний удмынханb Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос гаран явж, Арадын өмнө оршдог Иудагийн цөлд очиж, хүмүүстэй нь хамт амьдран суужээ. 17 Иуда, ах Симеонтойгоо хамт явж, Зефатад амьдарч байгаа канаанчуудыг цохиж хотыг бүрмөсөн сүйрүүлээд, тэр хотод Хормаc гэдэг нэр өгөв. 18 Газ, Ашкелон, Екроныг тус тусынх нь харьяа нутгуудтай хамт Иуда эзлэн авлаа.d 19 ЭЗЭН Иудатай хамт байсан ба тэд уулархаг нутгийг эзлэн авав. Харин тал хөндийн хүмүүс төмөр тэрэгтэй байсан тул Иуда тэднийг хөөн зайлуулж чадсангүй. 20 Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд тэрээр Анакийн гурван хөвгүүнийг тэндээс хөөж зайлуулав.
21 Харин Бениамины хөвгүүд Йерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Йерусалимд амьдарч иржээ.*
22 Үүнтэй адил, Иосефын гэрийнхэн Бетелийн эсрэг дайрахад ЭЗЭН тэдэнтэй хамт байв. 23 Иосефын гэрийнхэн Бетелийг тагнав. (Энэ хотын нэрийг урьд нь Луз гэдэг байжээ.) 24 Хотоос нэгэн хүнийг гарч ирэхийг туршуулууд хараад, түүнд “Бидэнд хотод орох газрыг зааж өгвөл бид чамд энэрэнгүй хандах болно” гэлээ. 25 Хотод орох газрыг тэр зааж өгөхөд тэд илдний ирээр хотыг устгав. Харин өнөөх эрийг бүх гэр бүлийнх нь хамт явуулав. 26 Тэр хүн хитчүүдийн нутагт очиж, нэгэн хот бариад Луз гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл ийнхүү нэрлэгддэг.
27 Харин Манассе Бет-Шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудын хүмүүсийг хөөн зайлуулаагүй тул канаанчууд тэр нутагт үлдэж чадав.* 28 Израил хүчирхэг болоод канаанчуудаар албадлагын ажил хийлгэсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн зайлуулсангүй.
29 Гезерт оршин сууж байсан канаанчуудыг Ефраим хөөн зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдран суув.*
30 Китроны болон Нахалолын оршин суугчдыг Зебулун хөөн зайлуулаагүй тул канаанчууд тэдний дунд амьдарч, албадлагын ажил хийх болов.
31 Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик болон Рехобын оршин суугчдыг Ашер хөөн зайлуулсангүй. 32 Канаанчуудыг ашерчууд хөөгөөгүй учраас тэд уг нутагт оршин суудаг канаанчуудын дунд амьдрав.
33 Нафтали нь Бет-Шемешийн болон Бет-Анатын оршин суугчдыг хөөн зайлуулалгүй, харин тэд уг нутгийн оршин суугчид болж канаанчуудын дунд суурьшив. Тэгээд Бет-Шемеш болон Бет-Анатын оршин суугчид тэдний төлөө албадлагын ажил хийх болжээ.
34 Тэгтэл аморичууд Даны хөвгүүдэд хөндий тал руу бууж ирэх боломж өгөлгүй уулархаг газар луу тэднийг шахав. 35 Херес уул, Аиалон болон Шаалбимд аморичууд суурьшиж чадсан ч Иосефын гэрийнхэн хүчирхэгжихэд тэд албадлагын ажил хийх болов. 36 Аморичуудынe нутгийн хязгаар нь Акраббимын өндөрлөг, Села ба түүнээс дээш үргэлжлэн байв.
- a1:14 ЭЗО: Отниел түүнийг ятгахад
- b1:16 эсвэл хүмүүс ЭЗО: амалекчууд
- c1:17 Хорма: евр. “сүйрэл” гэсэн утгатай.
- d1:18–19 ЭЗО: гэвч тэд эзэлж чадсангүй.
- 1:21 Иош 15:63; 2См 5:6; 1Шс 11:4
- 1:27–28 Иош 17:11–13
- 1:29 Иош 16:10
- e1:36 ЭЗО: едомчууд