Сайн хоньчин Есүс

10 1 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй өөр газраар давж ордог хүн бол хулгайч, дээрэмчин мөн. 2 Харин үүдээр ордог хүн нь хоньдын хоньчин мөн. 3 Сахиул түүнд үүдийг нээх бөгөөд хоньд нь Түүний дууг нь сонсоно. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана. 4 Тэрээр өөрийнхийгөө бүгдийг гаргаж, түрүүнд нь явах бөгөөд хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагана. 5 Тэд гаднын хүнийг ер дагахгүй, дууг нь танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав. 6 Есүс ийм зүйрлэлээр тэдэнд ярихад Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй.
7 Тэгээд Есүс дахин тэдэнд
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм. 8 [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид. Хоньд тэднийг сонсоогүй. 9 Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдана. Орж гарч бэлчээр олно. 10 Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Харин Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ. 11 Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгнө. 12 Хөлсний хүн бол хоньчин биш, хоньд ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хоньдыг орхин зугтаадаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг. 13 Тэр хөлсний хүн бөгөөд хоньдод санаа тавьдаггүй тул зугтдаг. 14 Харин сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. 15 Энэ нь Би Эцэгээ мэддэг, Эцэг минь Намайг мэддэгтэй адил бөгөөд Би хоньдын төлөө амиа өгнө.* 16 Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно.a 17 Би амиа буцааж авахын тулд амиа өгнө. Тиймээс Эцэг Намайг хайрладаг. 18 Хэн ч амийг минь Надаас авахгүй. Харин Би Өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий, буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.
19 Энэ үгээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ. 20 Тэдний олонх нь
—Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм байна. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ. 21 Зарим нь
—Чөтгөр шүглэгчийн үг энэ биш ээ. Хараагүй хүний нүдийг чөтгөр нээж чадах уу? гэж байлаа.

Есүсийг иудейчүүд голсон нь

22 Сүмийг Шинэтгэн ариусгасны баяр Йерусалимд болж байлаа. Тэгэхэд өвөл байв. 23 Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. 24 Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд
—Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мөн юм бол бидэнд шуудхан хэл гэсэнд 25 Есүс тэдэнд
—Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг. 26 Харин та нар хоньд минь биш учир итгэдэггүй. 27 Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм. 28 Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч гараас минь булаахгүй. 29 Тэднийг Надад өгсөн Эцэг минь бүхнээс аугааb бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. 30 Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.
31 Иудейчүүд Түүн рүү чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. 32 Есүс тэдэнд
—Эцэгээс ирсэн олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над руу чулуу шиднэ вэ? гэхэд 33 иудейчүүд Түүнд
—Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан руу чулуу шиднэ. Яагаад гэвэл Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна* гэв. 34 Есүс тэдэнд
—Танай хуульд “Бурхад билээ та нар гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү?* 35 Бурханы үг авсан хүмүүсийг тэрээр бурхад гэж нэрлэсэн бол (Бичвэр нь зөрчигдөхгүй), 36 Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс нь болж та нар “Бурханыг доромжлогч” гэж хэлж байна уу? 37 Би Эцэгийнхээ үйлсийг эс үйлдвээс Надад бүү итгэ. 38 Харин Би тэдгээрийг үйлдвэл та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр үйлсэд итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг, Эцэгийн дотор Би буйг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав. 39 Тиймээс тэд дахин Түүнийг барихыг завдсан боловч Есүс тэдний гараас мултрав.
40 Иоханы анх баптисм хүртээж байсан газар болох Йорданы нөгөө тал руу Есүс дахин явж, тэндээ байлаа.* 41 Олон хүн Түүн дээр ирж
—Иохан тэмдэг ер үйлдээгүй ч, энэ хүний тухай Иоханы хэлсэн бүхэн үнэн ажээ гэцгээлээ. 42 Тэнд олноороо Есүст итгэв.


  • 10:15 Мт 11:27; Лк 10:22
  • a10:16 Зарим гар бичмэлд: байх болно.
  • b10:29 Зарим гар бичмэлд: Эцэгийн минь Надад өгсөн бүхэн агуу
  • 10:33 Лев 24:16
  • 10:34 Дуу 82:6
  • 10:40 Иох 1:28