Шавь нарынхаа хөлийг угаав
13 1 Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг Алгасал баярын өмнө Есүс мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцсээ хүртэл хайрлав. 2 Оройн зоогийн үеэр, Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийн өгчээ.a 3 Эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцан явж байгаагаа Есүс мэдээд, 4 зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлан, алчуур авч бүслэв. 5 Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. 6 Есүс Симон Петр дээр ирэхэд Петр Түүнд
—Эзэн минь, Та миний хөлийг угаах гэж үү? гэв. 7 Есүс хариуд нь
—Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. 8 Петр Түүнд
—Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс
—Хэрэв Би чамайг угаахгүй бол чамд Надтай гэх хувь үгүй b гэлээ. 9 Тэгтэл Симон Петр Түүнд
—Эзэн минь, зөвхөн хөлийг минь ч биш бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв. 10 Есүс
—Усанд орсон хүн хөлөөсөө бусдыг угаах хэрэггүй.c Тэгээд ч бүхэлдээ цэвэр байна. Та нар цэвэр байна. Гэхдээ бүгдээрээ биш шүү гэлээ. 11 Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ.
12 Тэгээд тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд
—Та нарт Би юу хийснийг мэдэж байна уу? 13 Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. 14 Тэгвэл Би Эзэн бөгөөд Багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. 15 Миний та нарт юу хийснийг та нар ч бас хийгээсэй хэмээн Би жишээ үзүүлсэн юм.* 16 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ илүү агуу биш, мөн элч нь илгээгчээсээ агуу биш юм.* 17 Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй. 18 Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон хүмүүсээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм.* 19 Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Ингэснээр үүнийг биелэх цагт та нар Намайг “Би байгаа” юм гэдэгт итгэх юм. 20 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээх хүнийг хүлээн авагч нь Намайг хүлээн авна. Намайг хүлээн авагч нь Намайг Илгээгчийг хүлээн авна гэж айлдлаа.*
Урвалтыг зөгнөв
(Мт 26:20–25; Мк 14:17–21; Лк 22:21–23)
21 Есүс эдгээрийг хэлээд, сүнсэндээ шаналж, гэрчлэн
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. 22 Хэний тухай ярьж буйг нь мэдэх гэж гайхширан, шавь нар нь бие биеэ ажив. 23 Шавь нарынх нь нэг, Есүсийн хайрласан хүн Есүсийн цээж налаад сууж байлаа. 24 Тэгтэл Симон Петр түүн рүү дохиж
—Хэний тухай Тэр ярьж буйг асуугаач гэв. 25 Есүсийн цээжийг налан байхдаа тэрээр
—Эзэн минь, тэр хэн юм бэ? гэсэнд 26 Есүс
—Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр нь мөн гэж хариулаад, талхны хэлтэрхийг дүрж Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. 27 Талхны хэлтэрхийг аваад түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс, Иудаст
—Хийх гэж байгаа юмаа хурдан хий гэлээ. 28 Харин тухлан суугчдын хэн нь ч юуны улмаас Есүс тэгж хэлснийг мэдсэнгүй. 29 Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл “Ядууст юм өг” гэсэн байх гэж зарим нь боджээ. 30 Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв.
Шинэ тушаал
31 Иудасыг гарсны дараа Есүс
—Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа. 32 [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна. 33 Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд хэлсэн шигээ одоо мөн та нарт хэлж байна. “Би хаашаа явна, тийшээ та нар очиж чадахгүй.”* 34 Би та нарт шинэ тушаал өгье. Бие биеэ хайрлагтун. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун.* 35 Бие биедээ хайртай байваас үүгээр чинь та нарыг Миний шавь гэдгийг бүгд мэдэх болно гэлээ.
Петрийн үгүйсгэлийг Есүс зөгнөв
(Мт 26:31–35; Мк 14:27–31; Лк 22:31–34)
36 Симон Петр Түүнд
—Эзэн минь, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс
—Миний явах газар луу чи Намайг одоо дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ. 37 Петр Түүнд
—Эзэн минь, би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би Таны төлөө амиа зориулъя гэхэд нь 38 Есүс
—Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэх болно.
- a13:2 эсвэл диавол өгөхөөр хэдийн шийдсэн байв
- b13:8 эсвэл Миний хувь чамд хүртэхгүй
- c13:10 Зарим гар бичмэлд: хөлөөсөө бусдыг гэж байхгүй.
- 13:15 Лк 22:27
- 13:16 Мт 10:24; Лк 6:40; Иох 15:20
- 13:18 Дуу 41:9
- 13:20 Мт 10:40; Мк 9:37; Лк 9:48, 10:16
- 13:33 Иох 7:34
- 13:34 Иох 15:12,17; 1Ио 3:23; 2Ио 5