Эцэгт хүрэх зам Есүс
14 1 Та нар зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ,a мөн Надад итгэ. 2 Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна.b 3 Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. 4 [Миний] явах газрын замыг та нар мэднэ гэж айлдав. 5 Томас Түүнд
—Эзэн минь, Таны хаашаа явахыг бид мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд 6 Есүс
—Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. 7 Та нар Намайг мэдсэн бол Эцэгийг минь ч мөн мэдэх болно.c Одооноос эхлэн та нар Түүнийг мэддэг болов. Мөн Түүнийг харсан гэв. 8 Филип Түүнд
—Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. 9 Есүс
—Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ? 10 Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгийг Би Өөрөөсөө хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг үйлсээ хийж байгаа юм. 11 Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир итгэгтүн. 12 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг нь Миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу үйлсийг хийх болно. Учир нь Би Эцэг рүү очно. 13 Та нар нэрээр минь юу ч гуйсан, Эцэг Хүүгээр алдаршуулагдахын тулд Би түүнийг үйлдэнэ. 14 Та нар нэрээр минь юм гуйвал Би түүнийг чинь үйлдэнэ.
Ариун Сүнсийг амласан нь
15 Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахина. 16 Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. 17 Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Харин Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байхd тул та нар Түүнийг мэднэ. 18 Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар луу ирнэ. 19 Жаахан байзнаад ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байдаг, та нар ч амьд байх болно. 20 Би Эцэгийн дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг тэр өдөр та нар мэдэх болно. 21 Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ. 22 Иудас (Искариотын биш) Түүнд
—Эзэн минь, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэхэд 23 Есүс
—Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн рүү очиж түүнтэй амьдарна. 24 Намайг эс хайрлагч нь үгийг минь сахихгүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.
25 Би та нартай хамт байхдаа эдгээрийг хэллээ. 26 Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно. 27 Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгш. 28 “Би яваад, та нар луу ирнэ” гэж хэлснийг минь та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлахсан. Учир нь Эцэг Надаас илүү аугаа юм. 29 Болох үед нь та нарыг итгүүлэхийн тулд болохоос нь өмнө Би одоо та нарт хэлж байна. 30 Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Тэр Надад юу ч хийж чадахгүй.e 31 Харин Би Эцэгийг хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ. Босоцгоо, эндээс явцгаая.
- a14:1 эсвэл Чи Бурханд итгэ.
- b14:2 эсвэл хэрэв тийм биш байсан бол Би та нарт орон байр бэлдэхээр явна гэж хэлэх байсан гэж үү?
- c14:7 эсвэл Намайг мэдэж байгаа та нар Эцэгийг минь ч мөн мэдэх болно. Зарим гар бичмэлд: Хэрэв намайг мэдсэн сэн бол Эцэгийг минь ч бас мэдэх байсан.
- d14:17 Зарим гар бичмэлд: байгаа тул
- e14:30 эсвэл Түүнд Надаас дээгүүр юу ч үгүй